Э.Мөнхжаргал: Бариа руу орж ирэхдээ Монголд төрсөндөө бахархсан

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 12

Их Монгол улсын 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмын хурдан морины Соёолон насны уралдаан Хүй долоо худагт өнөөдөр болж, Өвөрхангай аймгийн Н.Ижилбаярын бор соёолон түрүү, Өвөрхангай аймгийн Сэрсэнгийн Ганболдын хурдан зээрд соёолон аман хүзүүдлээ. Харин айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Ж.Ганболдын хул, айргийн дөрөвт Ховд аймгийн Алтай сумын уяач "Торгоны зам"-ын Ц.Гантөмөрийн хомоол хүрэн, айргийн тавд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Аймгийн алдарт уяач Ө.Шинэтулгын шарга үрээ тус тус хурдаллаа. Энэ жилийн наадмын түрүү авсан бор соёолонгийн унаач хүү Э.Мөнхжаргалтай уулзлаа.

-Энэ жилийн соёолон насны морины наадмын түрүү авсанд баяр хүргэе. Хэдэн жил морь унаж байна вэ?
-Хоёр жил морь унаж байна. Энэ жилийн наадмаас өмнө хэд хэдэн уралдаанд орж байсан л даа. Саяхан Багануурын наадамд бор соёолонтойгоо уралдаж түрүү авсан. Улсын наадамд дээгүүр л орно гэж бодож байсан. Санасандаа хүрлээ сайхан байна. Бор соёолон бид хоёр хурдан байлаа.

-Түрүүлээд орж ирэхэд юу бодогдов?
-Бор соёолонтойгоо давхиад бариа руу орж  ирэхдээ  Монголд төрсөндөө бахархах сэтгэл төрсөн. Хэрэв гадаадад төрсөн бол би морь унаж чадахгүй шүү дээ. Орос, Хятадад бид  нартай нас чацуу хүүхдүүд морь унаж чаддагүй юм гэсэн.  Дараа дараагийн наадамд илүү хурдална. Сайхан давхина.

-Уралдааны замд ядарсан уу?
-Уралдааны замд би өөрийгөө ядарч байна гэж бодвол баян ходоод болно шүү дээ. Дараа би олон сайхан наадамд оролцоно.

-Баярлалаа дараа жилийн наадмын түрүү авах болтугай?
-Баярлалаа ах аа. Дараа жил дахин уулзана аа.

Энэ жилийн  хурдан морины уралдааны соёолон насны түрүү авсан  бор морины уяач Н.Ижилбаяртай хөөрөлдлөө.

-Юуны өмнө танд баяр хүргэе.Таны бор соёолон өмнө нь ямар уралдаанд оролцож байсан бэ?
-Үндэсний их баяр наадмын мэндийг түмэн олон монголчууддаа хүргэе. Миний сойсон бор соёолон энэ жилийн наадамд түрүү авсанд баяртай байна. Бор соёолон маань Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн даншиг наадамд аман хүзүүдэж, Нүүрэнтэй хурд 2011 бүсийн уралдаанд түрүүлж байсан л даа.Түүнчлэн Багануурын наадамд түрүү авсан.

-Их сунгаанд бор соёолон уралдаж байхдаа түрүүлчих  болов уу гэх бодол танд төрж байсан уу?
-Дөрвөн ой давхцсан энэ жилийн баяр наадамд соёолон насны морьдын уралдааны түрүү авсандаа бэлэгшээж байна. Ер нь  энэ жил түрүү авчих болов уу гэх бодол байсан шүү

-Цаг гаргасан танд баярлалаа. Морь хурдан байх болтугай.
-Баярлалаа. Та бүхэн сайхан наадаарай.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top