Бид нийтээрээ жигшдэг болсон цагт л авлига устана. Түүнээс биш УБТЗ-ын тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөл, түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэр, албан өрөөнөөс хураасан боодолтой юань, ам.доллар, монгол мөнгө нийт 7.3 тэрбум төгрөгийн зураг, бичлэг дор “Аз, аз, бурзай бурзай, 2023 ондоо бүгд баяжих болтугай” гэж бичиж, алгаа хавсарсан эможны зураг оруулснаар авлига арилахгүй.
Бидний төлсөн татвар албан тушаалтнуудын буйдан, сейф, шүүгээг дүүргэчихсэн байгаа нь уйлмаар, гомдмоор байтал “аз, аз” гээд сууж байна гэдэг ёстой нөгөө “улны” сэтгэхүй гэхээс өөр хэлэх үг алга. Улстөрчид улсын төсөв хүрэлцэхгүй, эмнэлэг, цэцэрлэг барих мөнгө байхгүй гэдэг. Утааг бууруулах төсөв хүрэхгүй байна гэлцдэг. Та бидний хүүхдүүдэд эмнэлэгт хэвтэх ор олдохгүй, утаанд хордож, мөсөн гудамжаар халтирч ойчин барин хичээлдээ гүйж, “хөргөгч”-өөс дутуугүй хүйтэн автобусанд ханиад хүрч чихэлдэж явахад эрх мэдэлнтүүд авлигын мөнгөөр туйлж байна. Ард түмнээс хулгайлснаараа баян тансаг амьдарч байна.
Ажил хийж байгаа монгол хүн бүр цалингийн зээлтэй, ломбардад өртэй. Залуус байр, машин, амьдралд хүрэлцэхүйц цалин мөрөөдөж, лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулж, эсвэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй цөөхөн үндэсний үйлдвэрлэгчээс эхлээд татварт дарлуулж байхад албан тушаалтнууд ард түмнээс хулгайлж, авлигаар хөлжиж, албан тушаалын шат дамжлагаар эрвээхэй шиг нисэж, илбэчин, шидтэн мэт байх болсон.
Бид хүүхэддээ эвлүүлдэг цаасан тоглоом авч өгч байхад тэд гэртээ боодол боодол мөнгөөр байшин өрж тоглуулдаг байх.
Тиймээс одооноос эхлэн сайн тогтоож аваарай, байнга санаж яваарай. Амьсгалах агаар, амьдрах боломж, эрүүл мэндийг минь хүртэл хулгайлсан урт гартай, хар мөртэй хулгайч нарыг хэзээ бид төрд сонгохгүй болох вэ. Хэзээ бид авлигыг жигшдэг болох вэ. Нэг нь жигшиж, нөгөө нь авлигачдын зурагны дор “аз, аз, бурзай” гэж бичээд мухар сүсэгт автаад байвал авлига арилахгүй.
Авлига гээч зүйл нийтээрээ жигшдэг болсон цагт л бүрмөсөн устана.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
fk china