Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн өнөөдөр /2023.01.11/ эхэллээ.

Тус нэгдсэн, сургалт, зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа анги, байгууллага, салбар нэгжийн 90 удирдах ажилтан оролцож байгаа бөгөөд энэ үеэр өнгөрсөн оны ажлын ололт амжилтаа дүгнэж, 2023 оны зорилго, зорилтоо тодорхойлох юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг нээж, хэлсэн үгэндээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилт, дээд байгууллагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оныг “Цахимжуулалт, шинэ сэргэлт”-ийн жил болгон зарлаж, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээг амжилттай биелүүлэн ажилласныг онцоллоо.

 Мөн тэрээр өнгөрсөн онд байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй 8 төрлийн цахим системд хөгжүүлэлт, шинэчлэлтийг хийж, орчин цагийн мэдээллийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа үе шаттайгаар нэвтрүүлсэн;

“Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд байгууллага, хамт олноороо нэгдэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад бодит хувь нэмрээ оруулах өрнүүн их ажлын эхлэл тавигдсан жил байсныг онцлон дурдаад зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Хүний эрхийн үндэсний комисс, Прокурорын байгууллагын хамтын ажиллагаа, Төрийн албаны шинэчлэлийн талаар холбогдох хамтран ажилладаг байгууллагуудаас мэдээлэл хийснээс гадна Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, гавьяат хуульч, доктор, (Sc.D) профессор С.Нарангэрэл “Удирдах ажилтны ёс зүй, ёс суртахуун”, Хувь хүний хөгжлийн институтээс “Гүйцэтгэлийн удирдлага, инновацлаг бүтээлч байдлыг хөгжүүлэх” сэдвээр тус тус зөвлөгөөнд оролцогчдод сургалт явууллаа.

Түүнчлэн хорих ял эдлүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цаашдын чиг хандлага, анхаарах асуудал, захиргаа, санхүүгийн үйл ажиллагаа, Хяналт шалгалт, аюулгүй байдлын талаар баримтлах бодлого сэдвээр чиглэл хариуцсан дарга нар тус тус мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн нэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top