Үндсэн хууль тогтворгүй бол тогтолцоо ч тогтворгүй

2023 оны 01 сарын 13

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлаад өнөөдөр 31 дэх жилтэйгээ золгож байна. Тухайн үеийн нэрээр БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон 400 гаруй депутат, үүний зэрэгцээ доод танхим болох Улсын Бага Хурлын 53 гишүүн 76 хоног хуралдаж, өдөр шөнийг үл ялган хэлэлцэж, ухаанаа уралдуулан мэтгэлцэн байж 1992 оны нэгдүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хуулийг баталсан билээ. Шинэ Үндсэн хуулийн давуу тал нь Монгол Улс парламентын засаглалтай байхыг тунхагласан бөгөөд нэг танхимтай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий олон намын тогтолцоотой Бүгд найрамдах засаглалын ардчилсан хэлбэрийг анх удаа хуульчлан баталгаажуулсан юм. Үндсэн хуулийг боловсруулахдаа өнөөгийнх шиг зөвхөн УИХ-ын чуулганы танхимд, хэдхэн улстөрчийн хүрээнд хийгээгүй.1991 оны зургаадугаар сараас есдүгээр сарын 1 хүртэл сонгуулийн насны бүх иргэдээр хэлэлцүүлж 900 мянга илүү хүн хэлэлцүүлэгт оролцон 500 мянга гаруй хүн хурал цуглаанууд дээр үгээ хэлж, 5177 санал бичгээр ирүүлж байжээ. Ийм учраас шинэ Үндсэн хуулийг Монголын нийт иргэдийн хамтын бүтээл хэмээн үздэг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг хожим хүртсэн Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид уг хуулийн эхийг барьж, Ардын Их Хурал, Улсын Бага Хурлаар хэлэлцсэнээс гадна Монгол даяараа ярилцаж, жирийн иргэд байр сууриа илэрхийлэн байж гаргасан учир нягт нямбай, боловсруулалт маш сайн хууль болсон хэмээн үнэлэгддэг. 

Энэ завсар нэгэн зуун, мянган солигдож цаг хугацааны эрхээр эцэг хуульд өөрчлөлт, шинэчлэлт хийх нь гарцаагүй болсон ч чухамхүү улстөрчид өөрийн үзэмж,ашиг сонирхол, эрх ямбад тохируулан дур зоргоороо гар хүрч ирснээс өнөөгийн тогтолцооны гажуудал үүссэн гэж хэлж  болно. Үндсэн хууль тогтворгүй бол тогтолцоо ч тогтворгүй гэдгийг өнгөрсөн жилүүдийн түүх гэрчилж буй.

Хамгийн эхний дур зоргоороо гар хүрсэн түүх нь 2000 оны “Дордуулсан долоон өөрчлөлт”. УИХ-аар 1999 онд анхлан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан боловч Үндсэн хуулийн Цэц түүнийг хүчингүй болгож байв. Гэвч 2000 оны сонгуулиар бүрдсэн УИХ эрх ашигтаа зохицуулан тэдгээрийг хэвээр баталсан түүхтэй. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болох хийгээд хууль тогтоох ажлыг хялбаршуулсан асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан тохиолдлуудыг энд түүвэрлэн авч үзье.

2000 онд Үндсэн хуульд гар хүрсэн шалтгаанаас зарим жишээ дурдахад Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж байсны дийлэнх олонхыг “олонх” буюу ердийн олонх болгон өөрчилсөн юм. Өмнө нь 76 гишүүнээс дор хаяж 39, түүнээс дээш гишүүн хуралдаанд биечлэн ирж байж ирц бүрдэн хуулийн төсөл хэлэлцдэг байсан бол олонх болсноор 38-аас доош, тодруулбал мөнөөх 39-ийн тал болох 20 хүн суучихаад хууль баталдаг болсон. “Танхимын талыг дүүргэхгүй гишүүн суугаад хуулийг бөөндөн баталж байна” хэмээн сэтгүүлчид шүүмжилдэг болсны уг сурвалж нь тэрхүү Үндсэн хуулийн өөрчлөлтөөс үүссэн бантан.

Дээрх долоон өөрчлөлт дотор гишүүдэд сайдын “давхар дээл” нөмрүүлж болохыг хуульчлан оруулсан юм. Өмнө нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасныг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчилж өнөөг хүртэл хэрүүлийн бай болж буй “давхар дээл”-ийг хүчин төгөлдөржүүлсэн. Ингэснээр эрх мэдлийн тэнцвэрийг бүрэн алдагдуулж, УИХ Засгийн газарт хяналт тавих боломжийг хязгаарласан хэмээн зарим хуульч судлаачид өнөөдөр ч хэлсээр буй.

“Давхар дээл”-ийг тойрсон асуудал 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг тойрсонгүй. Өмнө нь Үндсэн хуулийн 39.1-д “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ” хэмээж байсныг 2019 оны өөрчлөлтөөр “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн нэг үеийг бодоход “давхар дээл”-д хязгаар тавьж өгсөн ч хамгийн сүүлд 2022 оны намрын чуулганы өмнө буюу өнгөрсөн наймдугаар сард  яаран сандран УИХ-ын ээлжит бус чуулган гэнэт хуралдуулж Үндсэн хуулийг манаж байх учиртай Цэцтэйгээ хамтран өөрчлөлт оруулж “Давхар дээл”-ийн барьцыг лавшруулж “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн дээрх заалтыг хүчингүй болгон давхар дээлтний тоог хязгааргүй болгож, түүнээс улбаалан Засгийн газраа “хөдөлгөсөн”. Энэ “давлагаа” шинэ он гарсаар татарсангүй. 2023 он гарсаар хэдхэн хонож буй атал хэд хэдэн сайдын суудалд сэлгээ орж, Эрүүл мэнд, Барилга, хот байгуулалтын зэрэг УИХ-ын гишүүн бус сайдын сэнтий доргиж, суурин дээр нь давхар дээлтэй сайдууд очиж заларлаа. Шинэ яамыг ч давхар дээлтэй сайд толгойллоо.

Уг нь шинэ Үндсэн хуулийн эхийг баригч нэрт хуульч Б.Чимид сэрүүн тунгалаг ахуйдаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг боловсруулсныг 2010 оны аравдугаар сард УИХ-аар хууль болгон баталж байв. Түүнд оруулсан нэг чухал заалт бол “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” хэмээсэн байдаг. Гэтэл 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан давхар дээлтэй холбоотой уг заалтыг гуравхан жилийн дараа ийнхүү бужигнуулах нь тэр.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.2-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдэд хуулийн төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох тухай заасан ч үүнийг огтхон ч харгалзан үзэлгүй зөвхөн УИХ-ын чуулганы танхимын хүрээнд эцэг хуульдаа гар хүрдэг болсноор Үндсэн хуулиа ч, төр, нийгмийн тогтолцоогоо тогтворгүй, хэврэг болгочихоод, өдгөө Үндсэн хуульдаа дахин гар хүрэх тухай ярих боллоо.

Нэгэнт Үндсэн хуулиа шинэчлэн засахаас аргагүй болсон бол аль зүйл, заалтыг нь хэрхэн өөрчлөх талаар иргэддээ танилцуулж, сонгогчид дунд хэлэлцүүлэг өрнүүлэн саналыг нь авч байж шийдвэл 76 толгойгоос илүү сийрэг ухаанаар эцэг хуулиа засан сайжруулах боломжтой. Төрийн ордон дахь Иргэний танхимаас эхлээд сум, хороо, аймаг, дүүрэг бүрт өөрийн Иргэний танхим ажиллаж буй учир чухам тэдгээрт зөвлөлдөх уулзалтаа хийн санал авбал улстөрчдийн эрх ямбыг өргөтгөх бус, нийгэмдээ, иргэддээ эерэгээр нөлөөлөх, мөнөөх хүсээд буй тогтолцооны зөв шинэчлэлээ Үндсэн хуульдаа тусгах боломж дүүрэн бийг сануулах юун.

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top