Эмэгтэй хүний эрхэмсэг ялдам дахин давтагдашгүй төрхийг илэрхийлдэг нэг зүйл нь хумсны гоо сайхан гэдэгтэй маргах хүн үгүй. Хумс будах арга техникийг урлаг болтол хөгжүүлж олон улсад эх орныхоо нэрийг гаргасан нэгэн бүсгүйг онцоллоо. Тэрбээр АНУ-ын Лас Вегас хотноо болсон тэмцээнд оролцож, “Шилдгийн шилдэг бүтээл” номинацын эзэн болжээ. Түүнийг Д.Хонгорзул гэдэг бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд суманд өөрийн мөрөөдөж явсан салоноо нээж “Nail artist” чиглэлд томоохон хувь нэмэр оруулж яваа юм.
-Монголын үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын ХХV их наадамд түрүүлэхийн зэрэгцээ АНУ-ын Лас Вегас хотноо болсон дэлхийн аваргын тэмцээнээс “Шилдгийн шилдэг бүтээл” шагналыг хүртсэн танд баяр хүргэе. Энэ амжилтын эхлэл хэрхэн тавигдаж байсан бол?
-Баярлалаа. Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би хүүхэд байхдаа зураг зурах, хувцас оёх сонирхолтой байсан болохоор дизайнер болохыг мөрөөддөг байлаа. Хэдий тэр мөрөөдлөөсөө хазайсан ч маникюр яг дизайнерын мэргэжилтэй төстэй санагдаж сонирхол төрж эхэлсэн.
-Танай салбарын ХХV их наадам өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог болов. “Гран при” шагнал хүртсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юм?
-Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдтэй харьцуулбал анх удаа орон нутагт зохиогдсоноороо онцлог байлаа. Оролцогчдын хамрах хүрээ болон ур чадвар илүү сайжирсан санагдсан. Өмнөх амжилтаа бататгаад зогсохгүй “Гран при” цомын эзэн болсондоо сэтгэл хангалуун байгаа.
-Анхны тэмцээнийхээ талаар дурсаач?
-2018 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медалийн болзол хангаж байсан. 2022 онд дахин ур чадвараа сорьж оролцсоноор “Гран при” шагнал хүртсэн.
-Ойр дотнын хүмүүс таны амжилтаар бахархаж байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Мэдээж намайг дэмжиж, урам зориг өгч байсан гэр бүл, найз нөхөд,үйлчлүүлэгчид маань их баяртай хүлээн авсан.
-Лас Вегас хотноо зохион байгуулагдсан артистуудын тэмцээнд дэлхийн 50 орны 6000 бүтээлээс таных “Шилдгийн шилдэг бүтээл”-ээр шалгарсан юм байна. Энэ бүтээлээрээ ямар утга санааг илэрхийлсэн бэ?
-Уг бүтээл маань өөрийн улс орны хэв шинж, онцлогийг агуулсан сэдэвтэй байсан. Миний хувьд эх орны маань өв соёл болсон монгол хээ угалзыг бүтээлдээ шингээж урласан. Монгол хээ угалз бол дүрснээс эхлээд өнгө, дизайн гээд дахин давтагдашгүй, өвөрмөц онцлогтой учраас шалгарсан болов уу.
-Тэмцээнд орохдоо хэр удаан хугацаанд бэлдсэн бэ?
-Бүтээл хийхэд багагүй хугацаа ордог. Энэ удаагийн бүтээлээ сар гаруй хугацаанд бэлдсэн.
-Өөрийн гэсэн салоноо нээсэн. Мөрөөдлөө биелүүлсэн гэлээ. Хэзээ салоноо нээв?
-Гоо сайхны салонд маникюраар ажиллаж байгаад 2020 онд тусдаа гарч жижиг хэмжээний "Nailroom" нээж ажиллуулж байсан. Ингээд 2022 оны наймдугаар сард үйлчлүүлэгч нартаа илүү тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор салоноо өргөжүүлсэн.
-Хэд дэх жилдээ артистаар ажиллаж байна вэ?
-Артист, маникюр хийж сураад зургаан жил болсон байна.
-Энэ салбарт ороход хэн зааж чиглүүлж, тусалж дэмжсэн бол. Маникюрыг хэрхэн сурч байв?
-Сургалтад сууж олж авсан мэдлэгээ улам баяжуулж илүү ихийг сурах хүслээр хөглөгдсөөр өдий хүрчээ. Маникюр хийж олсон мөнгөөрөө шинэ бүтээгдэхүүн авч хадгалдаг байсан. Энэ мэргэжлээсээ маш их кайф авдаг юм. Ер нь хүн өөрийн сонирхсон, дуртай зүйлдээ амжилт гаргадаг шүү дээ.
-Гэр бүлийн хүн тань ямар мэргэжилтэй вэ?
-Миний хань эрх зүйч мэргэжилтэй. Гэхдээ өөрийн сонирхлоороо шивээс хийгээд удаж байгаа. Бид нэг салбарт ажилладаг болоод тэр үү бүх зүйл дээр санаа нэгддэг. Анх шивээс хийлгэхээр үйлчлүүлэгч нь болж очоод танилцаж байлаа.
-Жижигхэн зай талбайд маш олон санаа бүхий гоёл чимэглэлийг нэгтгэн шигтгэж өгнө гэдэг амаргүй байх. Гэхдээ аливаа бүтээлийн ард гарчихаад хараад суух бас сайхан, ер нь л бахархмаар байдаг шүү. Хумсан дээр урлагийн бүтээл хийхэд юунд илүү анхаардаг вэ?
-Урлагт хязгаар гэж үгүй. Өөрт байгаа боломж авьяас ур чадвараа ашиглаад юу ч бүтээж урлаж болно. Хамгийн гол нь жижигхэн зүйлд ч гэлээ чин сэтгэлээсээ хандах нь чухал байдаг даа. Тэгж байж жинхэнэ бүтээл бий болно.
-Одоогоор хэчнээн төрлийн хумс хийж байна. Загвараа хэрхэн гаргадаг вэ?
-Маникюр гэхээр нэгэн хэвийн өдөр тутмын зүйл хийгээд байх сонирхолгүй санагддаг байсан. Тийм учраас шинэ гарч байгаа, олон улсад тренд болж буй хумсны загвар, дизайны талаар үргэлж судалдаг. Цаг ямагт өөрийгөө хөгжүүлж байхыг эрмэлздэг. Хумсны дизайн бол дэлхийд урлаг болтлоо хөгжчихсөн тул загвар чиг хандлага нь тоймгүй олон. Өөрөөр хэлбэл, тухайн эрхэлж буй ажил алба, арга хэмжээтэй уялдуулан шинэлэг шийдэл загварууд ч өргөн сонголттой болчихсон. Орчин үед бүсгүйчүүд хумсандаа анхаарал тавьж гоёх нь өдөр тутмын хэрэглээ болжээ. Тийм ч учраас шинэ содон байхаас гадна чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг.
-Охид бүсгүйчүүдийн дунд дэлгэрч буй тренд чимэглэлийн тухайд?
-Ерөнхийдөө натурал өнгийн сонголт түлхүү. Түүн дээр гялалзсан саа бүхий будалт хийлгэдэг. Харин улаан, цагаан өнгө хэзээ ч моданаас гардаггүй. Би тренд дагахаас илүүтэйгээр тухайн үйлчлүүлэгчийн хүсэл сонирхол, ажил мэргэжлийн онцлогт нь тохирсон хэв маягийг санал болгодог.
-Хумсны гоёл чимэглэл, болон хэрэгслүүдийг хаанаас авдаг вэ. Монголд түгээмэл байж чаддаг уу?
-Нэг үеэ бодвол хумсны материал хэрэгслийн дэлгүүрүүд элбэг болсноор сонголт хийхэд илүү амар болсон. Харин гол бүтээгдэхүүн болох хумсны будаг болон хиймэл хумсны материалаа ОХУ-ын "VOGUE" брэндийг сонгодог.
-Үйлчлүүлэгчээсээ сонсож байсан хамгийн гоё ямар үг?
-“Чи яг л хясаанд нуугдсан сувд шиг охин” гэж билээ.
-2023 ондоо ямар ажил, амжилтыг төлөвлөсөн бэ?
-Удахгүй Дубай хотод болох олон улсын мастер түвшний семинарт оролцохоор болсон. Хоёрдугаар сарын 16-нд зохион байгуулагдана. Олон шинэ зүйлийг мэдэж сонсож, сурч ирээд хийж хэрэгжүүлнэ гэж бодож байна.
Б.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )