ЭНЭ ӨДӨР I Ленинградын бүслэлтийг эвдэв

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

1943 оны энэ өдөр 860 гаруй хоног үргэлжилсэн Ленинградын бүслэлтийг эвдсэн билээ.

Бүслэлт, өлсгөлөн, үхэл дундуур туучин өнгөрүүлсэн аймшигт өдрүүдэд 300 мянгаас 1.5 сая гаруй хүн амь насаа алдсан байдаг. Ленинградын бүслэлтийг эвдсэний 80 жилийн ойн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дурсгалын арга хэмжээ, хуралд оролцож, Аугаа эх орны дайны ахмад дайчидтай уулзах аж. Түүнчлэн батлан хамгаалахын үйлдвэр дээр очих талаар Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Ленинград муж дахь “Рубежный камень”, “Эх-орон” хөшөө, ах дүүсийн булшинд цэцэг өргөх юм байна.

Ленинградын бүслэлт

Оросын баатар хот Ленинградын хамгаалалт нь Зөвлөлтийн ард түмний баатар зоригийн бэлгэ тэмдэг болсон юм. Ленинградын бүслэлт нь 1941 оны есдүгээр сарын 8-наас 1944 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 872 хоног үргэлжилсэн.

Ленинградчуудыг орчин үеийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн бүслэлтийг даван гарч, өлсгөлөн, өвчин зовлон, үхэл хагацал, аймшигт бүхнийг туулж, төрөлх хотоо хамгаалсан баатрууд гэдэг билээ. Одоогийн Санкт-Петербург хот нь Оросын соёлын шинжлэх ухааны нүүр царай болсон тансаг хот юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед фашист германууд Ленинград хотыг эзлэн авах нь стратегийн чухал ач холбогдолтой гэж үзжээ. Германы цэргүүд 1941 оны долоодугаар сарын 10-нд Ленинград хотыг эзлэн авах дайралтаа эхлүүлсэн байна. Дайны фронтын шугам таслагдсан тэр үед 1941 оны есдүгээр сарын 9-нөөс 1944 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэл 872 хоногийн турш Ленинград хот бүслэлтэнд байж, түүхэнд Ленинградын бүслэлт нэрээр мөнхрөн үлдсэн.

Адольф Гитлерийн төлөвлөгөөний дагуу бол Ленинград хотыг газрын хөрснөөс арчих ёстой байжээ. Гэвч Ленинградад байсан Зөвлөлтийн цэргүүд, хотын оршин суугчид германчуудын довтолгоонд няцаалт өгч, хотоо баатарлагаар хамгаалсаар байв. Иймээс германчууд бүслэлтээ үргэлжлүүлэн, хотын хүн амыг өлсгөлөнгөөр буулган авахаар шийдсэн гэдэг. Дайснууд хотын томоохон хүнсний агуулахуудыг хамгийн эхэнд дэлбэлж, хүнсний нөөц дуусч, талоноор олгож эхэлсэн тус хотод иргэд өдөрт 125 гр, ажилчид 250 гр хар талхны нормтой байлаа...

Эргэн тойрны бүх хуурай газрыг бүсэлж, хот руу орох, гарах авто зам, төмөр замыг бүгдийг нь хаажээ. Бүслэлт эхлээд гурван сар болоход гудамжинд өлсгөлөнгөөс болж нас барсан хүмүүсийн цогцос харагдаж эхэлсэн гэдэг. Агаараар, усаар гэсэн хоёр аргаар л хүнс залгуулах боломжтой учир онгоцоор хүнс тогтмол зөөх аргагүй байв.

Ленинградын иргэд амьд үлдэхийн тулд идэж болох бүх л зүйлийг иддэг байжээ. Тэд муур, нохойг идэж, сүүлдээ хулгана, харх ч харагдахаа больсон гэдэг. Мөн цавуу, мод, холтос, арьсан гутал, ширэн бүсийг буцалгаж шөл болгож уудаг байв. Ханын цаасаа уран зажилж байсан гашуун түүх ч бий гэдэг.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 01 сарын 18

Бас хүний мах идэж байсан гэсэн...

0  |  0
н(202.179.27.10) 2023 оны 01 сарын 18

өмхий фашист

0  |  0
Top