С.Амарсайхан: Өвөлжөө, хаваржаа, бэлчээр ашиглалтыг сайжруулах эрс өөрчлөлт хийх шаардлагатай байна

2023 оны 01 сарын 18

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ховд, Баян-Өлгий аймгийн өвөлжилт хүндрэлтэй сумдад ажиллаж, Засгийн газрын бодлого шийдвэр, Ерөнхий сайдын албан даалгавар болон сум орон нутгийн ажил, тусламж дэмжлэг малчны хотонд хүрч чадаж байгаа эсэхийг шалгаж, иргэдийн санаа бодлыг сонслоо.


УОК-дарга, Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан "Хатуу ширүүн уур амьсгалд үндэсний үнэт өв соёлоо тээж, өвлүүлж яваа Малчид маань мал сүргээ өсгөн үржүүлж, ард иргэдээ мах хүнсээр хангахын зэрэгцээ өргөн уудам эх орныхоо алс хязгаар нутагт эзэн нь болж, харж хандах үүргийг давхар гүйцэтгэж байна.

Засгийн газар өвөлжилттэй холбоотой малчдын асуудалд анхаарал хандуулан зохих арга хэмжээг аван ажиллаж байна. Манай ард түмэн цаг үеэ дагаж хөгжихдөө уламжлалт онцлогоо хадгалаж ирсэн боловч малын өвөлжөө, хаваржаа, бэлчээр ашиглалтыг сайжруулах эрс өөрчлөлт хийхгүй бол гамшгийн эрсдэлд өртөх эрсдэл жил ирэх тутам нэмэгдэж байна.

Мал сүргийн зохистой бүтэцийг бий болгох, товарлаг чанартай малын тоог нэмэгдүүлэх, ган зудад нэрвэгдэж мал малчин хүнд байдалд жил бүр орж байдаг энэ асуудлыг мэргэжилтнүүдийн оролцоотойгоор шинжлэх ухаан уламжлалаа хослуулан шийдэх цаг бий болжээ" гэв.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Бугат сумын хувьд он гарснаас хойш тасралтгүй цасаар шуурч байгаа талаар нутгийнхан хэлж байв.   Бугат сумд 170 өрхийн 38 913 толгой мал өвөлжиж байгаа аж. Нутгийн нийт хэсгээр 10 см зузаан цасан бүрхүүл тогтож, хүйтний эрч чангаран, өдөртөө 27-30, шөнөдөө 35-38 градус хүрч, мал хашаанаасаа гарч, бэлчээрлэх боломжгүй болсон байна.

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Бугат суманд ажиллах үеэрээ 2 дугаар багийн малчин М.Бямбацогтын хотонд очиж, Засгийн газрын бодлого шийдвэрийн биелэлтийг дүгнэн ажиллалаа. М.Бямбацогтынх 800 гаруй малтай байснаас 200 орчмыг нь эдийн засгийн эргэлтэд оруулж, 600 орчим мал өвөлжүүлж байгаа аж. Ямаа болон гүү хээл хаяж, ирэх хавар төл авч чадахааргүй болсон байна.

Мөн тус багийн малчин Т.Бахытбергентэй таарч, аж байдлыг нь сонслоо. Энэ жилийн өвөл урд урдныхаас хатуу болж буйг тэрбээр хэлээд, бог болон бод малаа тэжээж эхэлсэн талаар ярьж байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top