Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хуланд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг өнөөдөр (2023.01.19) 15:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Тус шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг мөн өдөр товлон зарласан боловч яллагдагчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан буюу “...Прокурорын саналыг хэлэлцэх шүүх хуралдаан даргалагч шүүгчийг өөрөө шууд эсхүл шууд бусаар тухайн хэрэгт хувийн сонирхолтой...” гэх үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хүсэлт гаргасан байна.
Улмаар яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан татгалзлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар яллагдагч Ц.Хуланд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )