Сар шинийн баяр бараг 4000 жилийн түүхтэй Хятад улсын хамгийн чухал баяр юм. Хятад даяар олон зуун сая цагаач ажилчдын хувьд нэгдүгээр сарын 22-нд болох 2023 оны Цагаан сарын баяр онцгой баяр байх болно.
Засгийн газрын КОВИД-19-ийн хатуу хяналтаас болж олон хүн хөдөө орон нутагт байгаа хүүхэд, эцэг эхээсээ гурван жилийн турш тусдаа амьдарсан. Одоо тус улс “Тэг КОВИД” бодлогоо цуцалж, дотоодын аялал жуулчлалын хязгаарлалтыг зогсоосон тул Засгийн газар Сар шинийн үеэр (нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 15 хүртэл) зорчигчдын аяллын тоог өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин өснө гэж тооцоолж байна.
Мөн дэлхийн хамгийн том хүн амын шилжилт хөдөлгөөн нь КОВИД-19-ийн тархалтыг өдөөх төлөвтэй байна. Хятадын эрдэмтдийн хийсэн судалгаагаар 2023 оны нэгдүгээр сарын дундаас сүүлч хүртэл хөдөө орон нутаг вирусийн давалгаанд өртөх болно гэж таамаглаж байна. Гэвч уг судалгаа нь тархалтын хурд, цар хүрээг дутуу үнэлсэн бололтой. Хэнань муж нэгдүгээр сарын 7-ны байдлаар нийт хүн амынх нь бараг 90 хувь буюу 88 сая хүн халдвар авсан талаар мэдээлсэн.
Хятадын хөдөө тосгоны эрүүл мэндийн систем Ковид-19-ийн огцом өсөлтийг тэсвэрлэж чадах уу
БНХАУ-ын хөдөөгийн хүн ам хот суурин газрынхаас хурдан хөгширч байна. 2020 оны хүн амын тооллогоор 60 болон түүнээс дээш насны 120 сая гаруй хүн хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд энэ нь хөдөөгийн хүн амын 23.8 хувь, хотод 15.8 хувийг эзэлж байна.
КОВИД-19-ийн тухай ярихад нас чухал. Хүн амын хөгшрөлт нь чихрийн шижин, хорт хавдар, зүрх судасны өвчин зэрэг халдварт бус өвчний өвчлөлтэй ихээхэн хамааралтай. 2015 оны судалгаагаар хөдөөгийн ахмад настны 83.4 хувь нь суурь өвчтэй байсан нь тэднийг халдварт маш эмзэг болгожээ. Түүнчлэн хөдөө орон нутгийн эрүүл мэндийн ажилтнуудын олонх нь эмнэлгийн боловсрол багатай байдаг. Тэдний нэг хувиас илүүгүй нь коллежийн зэрэгтэй. Бямба гарагт эрүүл мэндийн өндөр албан тушаалтан халуурах эмнэлзүйн үзлэг, Ковид-19 эмнэлэгт хэвтэх нь хөдөө орон нутагт ч дээд цэгтээ хүрсэн гэж мэдэгдэв. Засгийн газрын мэдээллээр нэгдүгээр сарын 12-ны байдлаар мужийн түвшний 5000 гаруй эмнэлгүүдэд 15.800 хүнд өвчтөн хүлээн авсан нь улсын нийт өвчтөний ердөө 15.1 хувийг эзэлж байна.
Ирэх долоо хоногоос гэр бүл, найз нөхөд нь сар шинийн баяраа тэмдэглэхээр цугларах тул энэ үед хөдөө орон нутагт хүнд өвчлөл, нас баралтын тоо дахин дээд цэгтээ хүрч магадгүй юм.
Ковид-19-ийн дайралт нь хөдөөгийн эрүүл мэндийн тогтолцоог сүйрүүлэх эсвэл Хятадын хөдөөгийн нийгмийн тогтвортой байдалд томоохон аюул учруулж магадгүй эрсдэл үүсээд байна. Хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн тосгоны хүмүүс эмчилгээний зардалд хүүхдийнхээ хуримтлалыг дуусгах вий гэж эмээж хотын эмнэлгүүдэд идэвхтэй ханддаггүй байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )