Эр бяр, аз хийморь хослуулсан хоёр начиндаа өмнийн говийн ард түмэн баяр хүргэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 13

    Өмнөговь аймгаас сүүлийн хэдэн жил улсын цолтой бөх төрөөгүй. Улсын начин Т.Энхтуяа 2004 онд тав давж начин болсноос хойш жил жилийн наадамд говийн ард түмэн цол горьдож суусан нь түүх боллоо. Түүхт ойнууд ар араасаа жагссан энэ жил Өмнөговь аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой давхар тохиож байгаа. Аймгийнхаа ойн баярыг угтаж Өмнөговь аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Б.Сумъяа, Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, улсын начин Пүрэв агсны зээ дүү Одбаяр нар урамтай сайхан барилдаж Монгол улсын начин цол хүртлээ.
    Улсын начин Сумъяа тавын даваанд улсын гарьд Доржсамбуугаар, Одбаяр улсын харцага Пүрэвжаваар тав давахад Өмнөговийн хоёр бөх тавын даваанд аргагүй аз хийморь, эр бяраараа давж, начин цол хүртлээ, говьчууд өнгөтэй байна аа гэх яриа бөхийн асар хийгээд төв цэнгэлдэхэд хурсан наадамчин олны дунд тархсан. Энэ жилийн наадмын түрүү горилж байсан улсын гарьд Доржсамбуу учраа бөхдөө яаж ч чадалгүй хөл алдан унасан бол улсын харцага Пүрэвжав барьц сонгон барилдаад аймгийн арслан Одбаярт унасан юм. Харцага Пүрэвжав, аймгийн арслан Одбаяр нарын барилдаанаар тавын даваа шувтарсан. Харин сүүлийн хоёр жилийн турш начны тааварт зүй ёсоор багтаж байгаа аймгийн хурц арслан Т.Энхтайван гурав давж, дөрвийн даваанд энэ жил шинээр начны болзол хангасан Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арслан Эрдэнэбаттай оноолт таарч барилдан өвдөг шороодсон юм.
Өмнөговь аймгийн бөхчүүдийн энэхүү амжилт нь “Ажнай” спорт клубтэй салшгүй холбоотой. “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч, Өмнөговийн уугуул Д.Бат-Эрдэнэ “Ажнай” клубыг үүсгэн байгуулж спортынхон тэр дундаа бөхчүүдээ дэмжиж ажилласны үр дүн нь өнөөдөр ийнхүү гарч байгаа хэмээн нутгийн түмэн ярьж байна.
Сүүлийн таван жил дараалан Өмнөговь аймгийн бөхийн галыг “Ажнай” корпораци ивээн тэтгэжээ. Энэ талаар “Зөвхөн санхүүгийн хувьд ивээн тэтгээд зогсохгүй мэргэжлийн зөвлөгөө, бэлтгэл сургуулилт талаас нь зөв менежментээр хангаж өгсөн учраас манай бөхчүүд урамтай сайхан барилдлаа. Хоёр начин төрсөн явдалд манай хамт олон маш их баяртай байна. Энэ дашрамд нутгийнхаа тамирчид, бөхүүдийг байнга дэмжиж ажилладаг Д.Бат-Эрдэнэ захиралдаа хувийн зүгээс болон нутгийнхаа нийт бөхчүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээн энэ жилийн Өмнөговь аймгийн бөхийн галыг ахласан улсын начин Т.Энхтуяа ярилаа.
Өмнөговь аймгийн бөхчүүдийн энэ сайхан амжилтын бас нэгэн том шалтгааныг говийн ахмадууд, бөх судлаачид хүүрнэж байна. Дээр үед Өмнөговьд Идэр Дампил гэж мундаг аварга байж. Идэр Дампил аваргаа хошуу ноён нь гомдоосноос “Энэ нутгаас дахиж бөх төрөхгүй” гэж хэлээд зодог шуудгаараа газар гуядаад одсон гэх домог яриа бий. Мөн Дэмүүл арслангаа говьчууд төдийлөн баярлуулж чадаагүй гэх яриа өнөөдрийг хүртэл оршсоор иржээ. Тэгвэл Идэр Дампил аваргаа аргадах ёслолыг Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн зөвлөлийн тэргүүн, аймгийн арслан, “Таван толгой” ХК-ийн дэд захирал Р.Сэддорж нарын санаачилгаар, “Ажнай” корпорацийн ивээл доор хийсэн бол Дэмүүл арслангийнхаа нэрэмжит барилдааныг нутгийн удирдлагууд 80 жилийнхээ ойгоор зохион байгуулж, алдар нэрийг нь дуурсгасан явдал өмнийн говийн хүчтэнүүдэд аз хийморь бэлэглэлээ хэмээн бэлэгшээж байна.
Д.Билгүүн
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top