Хаврын баяр буюу Хятадын уламжлалт цагаан сар өчигдөр тохиолоо. Энэхүү тэмдэглэлт баярыг тохиолдуулан тус улсын эрх баригчид Хятад улс төдийгүй Хонгконг, Макао, Тайваньд байгаа иргэддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин улиран одож буй Бар жил нь нам, улс орны түүхэнд онцгой чухал жил байсныг онцолжээ. Олон улсын амаргүй нөхцөл байдалтай төдийгүй шинэчлэл, хөгжлийг хэрэгжүүлэх, улс орны тогтвортой байдлыг хангах хүнд хэцүү даалгавартай тулгарсан нам, зэвсэгт хүчин, бүх Хятадын ард түмэн сорилтыг хүлээн авч, нягт нэгдэн хамтран ажиллаж, социалист шинэчлэлийн түүхийн шинэ бүлгийг бичлээ гэж тэрбээр хэлсэн байна. Энэ бол цар тахлын эхэн үеэс хойш Хятадын иргэд улс орон даяар чөлөөтэй зорчих боломжтой болсон анхны баяр бөгөөд тус улсын эрх баригчид өнгөрсөн оны өнгөрсөн сард цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалт, хилийн хоригоо цуцалсан билээ.
Цагаан сарын баярын амралт эхэлж байгаатай холбогдуулан Хятадад зарим зоогийн газар, банк, дэлгүүр, төрийн байгууллагууд амарч, зөвхөн цагдаа, гал сөнөөгчид болон бусад онцгой байдлын албаныхан үүрэг гүйцэтгэж байна.
Энэ жил Бээжин хотын засаг захиргаа аюулгүй байдлын үүднээс Хятадын уламжлалт шинэ жилийн баярын салют буудуулахыг хоригложээ. Харин Хятадын нийслэлд сүм хийдийн уламжлалт үзэсгэлэн худалдаа болон баярын бусад үйл ажиллагааг сэргээх төлөвтэй байна. Хятадад Цагаан сарыг 15 хоног тэмдэглэж, үүний дараа дэнлүүний баяр эхэлдэг уламжлалтай. Сар шинийн их нүүдэл өнгөрсөн баасан гарагт оргилдоо хүрсэн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.
Зарим шинжээч эдийн засгийн сэргэлт удаашралтай байна гэж үзэж байгаа бол Хятадын Ерөнхий сайдын орлогч Лю Хэ мягмар гарагт Швейцарьт болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Хятад улс тахлын улмаас гурван жил тусгаарлагдсаны дараа дэлхийд нээлттэй болсон гэж мэдэгдэв. Үндэсний цагаачлалын албаны ажилтнууд нэгдүгээр сарын 8-нд хилээ нээснээс хойш өдөрт дунджаар хагас сая хүн дотооддоо шилжин суурьшсан талаар мэдээлжээ. Бямба гарагт албан ёсоор амралт эхэлмэгц энэ тоо өдөрт 600 мянга болсон байна.
Гэвч халдварын тархалт дээд цэгтээ хүрсэн Шанхай зэрэг томоохон хотуудаас ажилчин ангийнхан болон вакцин хийлгээгүй өндөр настнуудтай халдварын тархалт өндөр биш, эрүүл мэндийн систем нь сайн биш хот, тосгоныг зорьж байна. Хятадын хамгийн олон хүн амтай мужийн төв Гуанжоу хотын өмнөд хэсэгт халдварын түвшин 85 хувьд хүрсэн талаар орон нутгийн эрүүл мэндийн албаныхан лхагва гарагт мэдэгджээ. Эрх баригчид өнгөрсөн бямба гарагт нас баралтын тоо нэмэгдсэнийг баталж, өнгөрсөн сарын 8-наас нэгдүгээр сарын 12-ны хооронд халдвар авсан 60 мянга орчим хүн эмнэлэгт нас барсныг мэдээлсэн.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )