Ардчилсан намын даргаар өнгөрсөн долоо хоногт сонгогдсон Лу.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан намын даргаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгсөн үү?
-Манай намын Их хурлаас намын даргаа батламжлаад Их хурал, Үндэсний бодлогын хорооноос гарсан шийдвэрүүдээ Дээд шүүхэд бүртгүүлэхээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ч.Өнөрбаяр дарга гэсэн гурван хүнийг томилсон. Энэ гурав маань бичиг баримтаа цэгцэлж дуусаад, энэ долоо хоногтоо багтаан намын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлнэ.
-Таныг намын даргаар Дээд шүүх бүртгэхгүй байх вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Дээд шүүх гэдэг өөрөө хүмүүс шүү дээ. Нийтдээ 22 хүн байдаг, энэ хүмүүс хэлэлцэж шийдвэрээ гаргадаг. Ардчилсан нам бол өөрийн гэсэн дүрэмтэй, Улс төрийн намын тухай хууль, улсын бүртгэлийн болон Дээд шүүхийн хуулиудаа бариад Дээд шүүхийн бүрэлдэхүүн шийдвэрээ гаргадаг юм билээ.
Ер нь анзаарахад дундаж насны, ардчилалд итгэдэг хүмүүс байгаа. Тиймээс энэ хүмүүст би эргэлзэхгүй байна. Дээд шүүхийн шүүгчдийн өнөөг хүртэл барьж байсан бодлого бол ҮБХ-ны олонх чинь бодитоор хуралдах хэрэгтэй. Бид бүртгэл хийхийн тулд тэр баримтыг шаардана гэсэн шаардлагыг л тавьж байгаа. Энэ шаардлагыг нь сая болсон хурал хангасан, нийтдээ 300 хүн цугласан.
-С.Эрдэнэ даргатай хэсэг нь таныг намын даргаар сонгосон хурлыг хууль бус гэж мэдэгдсэн. Мөн өөрсдийн ҮБХ-гоо хуралдуулсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Дүрэмдээ ҮБХ журмаа гаргаад намын даргаа тодруулна гэж байгаа. Хуулиараа Их хурал батламжилна гэж байгаа юм. Тиймээс Их хурлаа хуралдуулаад батламжилсан. Их хуралд аймаг, сум, дүүргийн төлөөлөгчид ирээд баталж байгаа юм. Ер нь олонхоороо шийдвэр гаргана. Ардчилсан нам олон ургалч үзлийг шингээж, хүндэлдэг газар. Мэдээж цөөнх байгаа, тэд маань өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа. Намын даргаар сонгогдоход Их хурлаас цөөнхтэйгөө ойлголц, ярилц, нэгдсэн чиг шугам дээр оч гэдэг даалгаврыг өгсөн. Тэгэхээр би тэр, энэ гэж хүний нэр хэлмээргүй байна. Бид хэлэлцээрийн ширээн дээр сууж ярилцаж байгаа. Цөөнхөө сонсож, үзэл бодлыг нь цаашаа намынхаа шийдвэрт тусгаад явна.
-Таныг намын даргаар сонгогдохын тулд ҮБХ-ынхоо гишүүдэд 10 сая төгрөг тараасан гэсэн яриа гарсан?
-Гүтгэлэг, муу муухайг хайдаг, Монголыг муухайгаар харагдуулах гэдэг хүмүүс их байна шүү дээ. Хаанаас гарсан цуурхал вэ гээд араас нь яваад байх шаардлага байхгүй. Ер нь Ардчилсан намынхан гүтгүүлсэн ч гэсэн орхичихдог нэг зарчим байдаг юм. Энэ зарчмаа цаашдаа ч барина. Гүтгэсэн болгоныг хайгаад, олоод, тэдэнтэй зууралдаад байвал урдах ажил бүтэхгүй шүү дээ.
-Таныг намын даргаар сонгосон хэсгийг оролцуулаад АН-ыг гурван хэсэг болчихлоо гэж харж байна. Таны цөөнх гэж нэрлээд байгаа хүмүүстэйгээ ойлголцохын тулд уулзаж эхэлсэн үү?
-Ер нь уулзаж, ярилцаж байгаа. Тогтвортой уулзалтуудыг хийнэ. Харин энэ уулзалтуудаар ярьж байгаа зүйлээ би хувьдаа гадагш нь задлахгүй. Уулзалтууд амжилттай болно.
-Тохиролцоонд хүрсэн үү?
-Хүрнэ, нааштай байгаа.
-С.Эрдэнэтэй уулзсан уу?
-Уулзсан, намыг эвлэрүүлэх үүрэг надад ирсэн. Гаднаа битгий хүн үлдээгээрэй гэсэн. Ардчилал чинь жаахан болчихлоо шүү дээ, аравхан гишүүнтэй. Сүүлийн хоёр сонгууль дараалан ялагдчихлаа. Уг нь ард түмний дуу хоолой байх ёстой, төр барих эрхийг нь хамгаалдаг улс төрийн хүчин ингээд алга болохыг ард түмэн зөвшөөрөхгүй. Тийм учраас энэ бол хариуцлага.
-Нийгэм хүчтэй сөрөг хүчин, АН-ын эвлэрлийг хүсэж, шаардаж байна. Тэгэхээр АН учир зүйгээ олоод нэг цул болсны дараа хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх вэ?
-Хамгийн гол нь бид иргэд дээрээ л очих хэрэгтэй. Малчид, тариаланчид, эмч нар, багш нар гээд хүмүүстэй ярилцаж, шийдэл, гарц олох хэрэгтэй. Өнөөгийн нийгмийн хямралыг ард иргэдтэйгээ хамт л шийднэ. Хоёрдугаарт, АН дээр хамтын удирдлага хийнэ. Нэг дарга бүгдийг шийддэг бус, тойрч суугаад шийдвэр гаргадаг байх ёстой. Нэг хүн шийдвэр гаргаад түүнийгээ бусдаараа зөвшөөрүүлэх гэж оролддог байдлыг хална. Гуравдугаарт, ардчилсан төрөө бэхжүүлэх ажилдаа маш яаралтай орно. Иргэний нийгмийн байгууллагуудаа хүчтэй, улс төрийн намуудаа шилэн, төрийн албыг тунгалаг болгох хэрэгтэй. Нэмээд хүмүүсийн бизнес хийх, үгээ хэлэх эрх чөлөөг хамгаалах хэрэгтэй. Монголчуудын эрх чөлөө бол тусгаар тогтнолын маш том баталгаа.
-Эрх барьж байгаа намын зүгээс тогтолцооны өөрчлөлт, шинэ Үндсэн хуулийн талаар нэлээд ярьж байна. Энэ тал дээр АН ямар бодлого, байр суурь барих вэ?
-Улс төрийн шийдвэрийг хамтын удирдлагаар гаргана. Харин миний хувьд эхлээд хүмүүсээ сонсоно. Хямрал, асуудал нь үнэхээр хаанаа байгаа юм гэдгийг асууна. Өнөөдөр судалгаагаар хамгийн эхэнд төр үнэгүйдсэн гэж гарч байна. Амьдрал ядуу байна. Энэ хоёр асуудлыг шийдэхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол зөв үү, буруу юу. Энэ хоёр асуудал гарч байгаа мөн чанар нь хаана байна. Энэ тухай уулзаж ярилцахгүй л бол харагдахгүй шүү дээ. Иргэдийн дэмжлэг хэрэгтэй.
-УИХ-аар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг богино хугацаанд баталсан нь шүүмжлэл дагуулж байна. Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ хуулийг эсэргүүцсэн. Тэгэхээр цаашид АН-ын зүгээс энэ хууль дээр ямар нэгэн улс төрийн арга хэмжээ авах уу?
-Парламентад суудалтай намын хувьд хэрвээ алдаатай хууль баталсан бол энэ хуулийг хүчингүй болгуулах ажил хийнэ. Тэгэхээр одоо хуулиа судалж, ажиллах хэрэгтэй. Дутагдал байвал хуулиа засаад өргөн барина. Үнэхээр алдаатай, болохгүй бол энэ хуулийг зогсооно. Ер нь хүч түрж шийддэг нийгэм болж хувираад байна. Хэн сайн хэрэлдсэн нь нөгөөгөө ялдаг болчихлоо. Энэ хуулийн үнэхээр болохгүй зүйлийг нь гаргаж ирэх, судалгааны баг томилоод ажиллуулах хэрэгтэй. Дүгнэлтээ олон нийтээр хэлэлцүүлээд эрх баригчдад мэдэгдэх ёстой.
-Энэ хууль дээр судалгааны баг гаргах уу?
-Гаргана, ер нь иргэдийн шүүмжлэл дагуулж байгаа бүх хууль дээр ажиллана. Саяын хууль бол ингэж ажиллах боломж олгосонгүй шүү дээ. Өнөөдөр нь өргөн бариад л маргааш нь баталчихсан. Ер нь ийм хурдан хугацаанд баталсан хуулиудыг эргүүлж татаад бид үзэх хэрэгтэй. Байнгын ажиллагаатай парламенттай улсын давуу тал энэ. Алдаатай хуулийг засаж болдог. Хууль хэрэгжээд ирэхээр болохгүй байгаа зүйл нь илрээд гараад ирнэ. Түүнийг нь олонхдоо хэлж, ярилцаад үүнийгээ зогсоо гэдэг шаардлагыг тавина.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
энэ нөхөр барахгүйв. тамга тэмдэггүй их хурлын эдэн гишүүд нийлээд намын дарга сонгодог юм бол ардчилсан намын гишүүд байгаад яах вэ\n\nнийт гишүүдээр сунгаа хийлгэсэн Баттулгыг даргаар тавих хэрэгтэй. Увсынхан нам харгалзахгүй найзуудю\n\nТиймээс хууль бус дарга тул Дээд шүүх арай батлахгүй байлгүй дээ.\n
Shyygchid gedeg huuli ulandaa gishgej Battulga bytrehees tatgalzsan.odoo tyynd itgeh ne dendyy teneg gedgiig medehgyi.togloomd orjee.
мөрөөдөх сайхан өөр хийх ажилгүй хулгайлах,луйвардах боломжууд нь өдөр ирэх тутам хязгаарлагдаад АН-н ах дүү нарт минь бодох ч шаардлага үнэндээ алга ажил хийлгүй амьдрах мөнгийг бүрэн хэмжээгээр хулгайлсан учраас хуралдаж зугаацахаас өөр юу хийхэв ”Айл болж” тоглодог байсан хүүхэд цагийн дурсамжаа сэргээсэн шигээ жаргацгааж байнадаа
zailtsgaa
Гантөмөр бол хэзээч намын хийж чадахгүй