Энэ жилийн баяр наадмын сур харваанд 500 орчим харваач цэц мэргэнээ сорьсноос хана, хасаа харваанд тус бүр 20 сум тавьснаас 19-д онож улсын мэргэний болзол хангаснаар 23 настай Баасанхүүгийн Ёндон энэ жилийн үндэсний сур харвааны Улсын мэргэн боллоо. Тэрээр 14 настайгаасаа үндэсний сур харваагаар хичээллэж 2007 онд Спортын мастер, 2010, 2011 онд Улсын аварга болж байсан амжилтын эзэн юм. Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат тэрээр улсын баяр наадмын улсын мэргэний амжилтаа аавдаа барих бэлэг гэжээ. Энэ жилийн шинэ мэргэнийг үндэсний сураар хичээллэхэд гол нөлөө үзүүлсэн хүн бол түүний аав. Үндэсний сурын алтан зурхайд 20 гаруй жил сум тавьж байгаа спортын мастер Хорлоогийн Баасанхүү гуай хүүгийнхээ амжилтыг тэгш тоот түүхэн ойн их амжилт гэж баярын нулимс дуслуулан ярьжээ.
Харин шинэ залуу мэргэнийг үндэсний сураар хичээллэхэд гол нөлөө үзүүлж дасгалжуулагчаар нь ажилласан хүн бол Монгол улсын Гавъяат тамирчин, МУ-ын Даяар дуурсагдах дархан мэргэн Даваахүү гуай юм. Түүний дасгалжуулсан шавь нар үе үеийн улсын баяр наадмын шагналт байруудыг эзэлж байсан гавъяатай.
Харин үндэсний сурын 2-р байрын шагналыг Улсын мэргэн Баярсайхан хүртсэн бол 3-р байрын шагналын эзнээр Монгол улсын хошой мэргэн Баасанхүү шалгарсан. Үндэсний сур харвааны 4-р байранд Дорноговь аймгийн харъяат “Сод Монгол” группын тамирчин шинээр спортын мастерын болзол хангасан харваач Энхтайван шалгарсан бол 5-р байранд Хангарьд клубын тамирчин МУ-ын спортын мастер Эрдэнэбат шалгарч шилдгүүдийн эгнээнд нэгдлээ.
Харин үндэсний сур харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Төв аймгийн харъяат МУ-ын Спортын мастер Оюунчимэг товх харваснаар тэргүүлж энэ жилийн улсын баяр наадмын үндэсний сур харвааны Улсын мэргэний болзол хангалаа. Үндэсний сур харвааны эмэгтэйчүүдийн төрөлд цэц мэргэнээ сорьсон улсын хошой мэргэн түрүү жилийн аварга Эрдэнэтуяа энэ жилийн сур харваанд шинэ залуу харваач Чинзүрхтэй оноо тэнцэж товх харваснаар 2-р байранд орсон бол 3-р байрын шагналыг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат шинээр спортын мастерын болзол хангасан шинэ залуу тамирчин Чинзүрх хүртлээ. Харин 4-р байрын шагналыг Хангарьд клубын тамирчин Спортын мастер Энхтуяа хүртсэн бол 5-р байрын байр шагналыг Спортын мастер Хаданчулуун хүртсэн юм. Тэгш тоот түүхэн ой давхцсан баяр наадмын үндэсний сур харвааны шинэ залуу мэргэчүүл хүч түрэн орж ирснээс Спортын мастер 4, Дэд мастер цолтон 5 харваач шинээр төрлөө.
Д.Билгүүн
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )