О.Цэрэнпунцаг: Шүүх хуралд Ч.Маралмаа өөрөө ирсэн, прокурор солигдсон байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас түүнд холбогдох шүүх хурлыг ирэх хоёрдугаар сарын 10-н хүртэл хойшлууллаа. 

Хохирогч охин Э-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас шүүх хуралдааны талаар тодруулахад дараах мэдээллийг өгсөн юм. 

О.Цэрэнпунцаг "Шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас шүүх хурал хойшилсон. Саяны шүүх хуралд хохирогчийн хоёр өмгөөлөгч, улсын яллагч нар оролцсон. Прокурор солигдсон байна. Шалтгааныг нь тодорхой мэдэхгүй. Шүүгдэгч бол өөрөө ирсэн.

Нэгэнт шүүх хурал хэлэлцэгдээд шийдвэр гараагүй байхад хэргийн зүйлчлэлийг урьдчилсан байдлаар зөв, буруу гэж ярих нь зохимжгүй. Энэ талаар ямар нэгэн тайлбар хэлмээргүй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд хүний амьд явах эрхийг заасан. Гэтэл иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах энэ эрх зөрчигдөж байна. Хичээлээ тараад гэр лүүгээ харьж явахдаа л зам тээврийн осолд ордог. Хүүхдүүд гадуур явахад хүртэл эрсдэлтэй байна.

Одоогоор хохирогч Э-ийн биеийн байдал хэвийн байгаа. Харин нөгөө хохирогч С-ийн шүүх шинжилгээний дүгнэлт хүндэвтэр гарсан гэсэн" гэлээ.

Сануулахад, Ч.Маралмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.2 "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй" , 2.4 "Их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэх заалтаар эрүүгийн хэрэгт яллах дүгнэлтийг прокуророос үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top