Төрийнхөө их баяр наадамд зодоглож, гурав давсан Монголын анхны олимпын аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр энэ наадмын нэгэн чимэг байлаа. Монгол төрийнхөө далбааг дэлхийд мандуулсан, булган сүүлтэй олимпын аваргаа Монгол түмэн уухайлан угтаж авсан. Харин энэ жил начин цол горилж байсан Н.Түвшинбаяр улсын начин Содномдоржид өвдөг шороодон энэ жилийн наадмаа өндөрлүүлсэн. Гэвч энэ жил дөнгөж 26 настай олимпын аварга маань бууж өгөхгүй хэмээн ярьсан байна. Дараа, дараа жилийн наадмуудад зодоглоно хэмээн эрс мэдэгджээ. Бөх сонирхогчид болон бөхчүүдийн яриагаар бол Түвшинбаяр аварга маань жудод од болохоосоо өмнө ч үндэсний бөхөөр тун ч сайн барилдаж, начны тааварт явсан нэгэн ажээ. Залуу цагийн эр бяр, ухаан бодлоо уралдуулж явсан үндэсний бөхөө хаялгүй, амжилтаа ахиулахын төлөө барилдаж, унаж давж яваа олимпын аваргаа харахад сайхан байна. Нөгөө талаас дэлхийн дэвжээнд аваргалсан Н.Түвшинбаяртайгаа эн тэнцүү барилдаж давсан Содномдорж начны уран хурц барилдаан Монгол бөхийн босго хичнээн өндөр, хатуу байдгийг илтгэлээ. Түвшинбаяр, Содномдорж нарын барилдааныг дүрстэй мэдээ хэсгээс үзээрэй.
Д.Билгүүн.
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )