Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргажээ.
Иргэн Г.Батжаргалаас ирүүлсэн “Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг хэлэлцээд “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ын 3.3, 3.6-д заасан “шаардлага хангаагүй” үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар шийдвэрлэсэн байна. Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу өргөдлийг гаргаагүй, хавсаргасан баримтын бүрдэл дутуу, мөн журмын 3.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзжээ.
Монголын либерал нам (МЛН)-ын дарга Э.Оргилоос ирүүлсэн “... Монголын либерал нам нэрээ өөрчилж, Ардчилсан монгол ялна нам (АМЯН) болон өөрчилснийг бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд баримт бичгийн бүрдэл хангуулахаар шүүхээс тогтоосон хугацаанд холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй үндэслэлээр буцаахаар шийдвэрлэв. Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.2-т “... Өргөдөл гаргагч шүүгчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд өргөдлийг бусад баримтуудын хамт шүүгчээс албан бичгээр буцаана”, 3.3-т “Энэ журамд заасан шаардлага хангаагүй, ... өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхгүй, Танхимын нийт шүүгчийн хуралдаанд танилцуулж, албан бичгээр хариу өгнө” гэж тус тус заасны дагуу өргөдөл, түүнд хавсарган ирүүлсэн баримт бичгийг тус намд буцаасан байна.
Сэтгэгдэл ( 0 )