Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаментын ахалсан хамтарсан Ажлын хэсэг “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн хэлэлцээг 2022 оны турш идэвхтэй өрнүүлсний үр дүнд талууд төслийг эцэслэн тохиролцсон.
Улмаар 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Вашингтон хотноо Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Америкийн талаас АНУ-ын Төрийн Департаментын Тээврийн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Р.Ёнеокатай нар хэлэлцээрийн төслийг үзэглэж, холбогдох хэлэлцээний тэмдэглэлд гарын үсэг зурлаа.
Уулзалт болон ёслолын ажиллагаанд Монголын талаас Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар болон “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөл, нөгөө талаас АНУ-ын Төрийн департмент, Тээврийн яам, Худалдааны яам, Тээврийн аюулгүй байдлын газар, Холбооны нисэхийн захиргааны төлөөлөл оролцов.
Арга хэмжээний үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг аль болох ойрын хугацаанд эцэслэн байгуулахыг эрмэлзэж байгаагаа тэмдэглэж, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох чиглэлээр АНУ-ын холбогдох байгууллагатай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
АНУ-ын Төрийн Департаментын Тээврийн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Ёнеока уг үйл явдлыг хоёр улсын агаарын тээврийн харилцааг өргөжүүлж, орчин үеийн, либерал агаарын харилцааг бий болгож байна гэв. Түүнчлэн, АНУ нь Монгол Улсыг “Нээлттэй агаарын тээвэр”-ийн албан ёсны түнш гэж хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа, хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгох чиглэлээр монголын талын төлөөлөгчидтэй хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.
Мөн үеэр Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газар болон АНУ-ын Төрийн Департаментын Тээврийн асуудал хариуцсан газар ахалсан Ажлын хэсэг хэлэлцээрийн төслөөр хэд хэдэн удаагийн хэлэлцээ хийсний дүнд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд эцэслэн тохиролцсон талаар онцолж, цаашид хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох нь Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 1 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд Вашингтон хотноо ажиллаж, Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл, шаардлагатай бэлтгэл ажлыг хангах асуудлаар АНУ-ын Төрийн Департамент, Тээврийн яам, Тээврийн аюулгүй байдлын газар болон Холбооны нисэхийн захиргааны албан тушаалтнуудтай нарийвчлан ярилцаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Аливаа мэдээлэл товчхон ойлгомжтой ыайх ёстой. Энэ мэдээ нэг их олон юм нуршсан өгөөж багатай яг юу иоэрхийлэх гээд байгаа нь ойлгомжгүй байна. АНУ, Монгол 2 улс агаарын тээвэрт хамтран ажиллахаар талууд гэрээнд гарын үсэг зурсан юм шиг. Гэхдээ ачаа тээвэр, зорчигч тээвэр аль нь болох нь тодорхойгүй, харилцан нислэг үйлдэх явц нь хэзээ вэ гэдэг нь гэрээнд тусаагүй юм уу бүү мэд.