Үндсэн хуулийн хүлээлт: Нэмэлт өөрчлөлт үү, шинэ төсөл  үү!

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Үндсэн хууль тойрсон янз бүрийн мэдээлэл, элдэв яриа, хэт мэдэмхийрэл, туйлшрал, улстөржилтэй цуг хавар цаг айсуй. Хоёр оны заагт Төв талбайг бүү хэл Төрийн ордныг доргиосон жагсаал, цуглаан эцэстээ “Тогтолцоог өөрчлөх ёстой. Төрд бугшсан цөөн хүн хөлжиж, ард түмэн ядуу амьдардаг замаар цааш явах боломжгүй” гэсэн дүгнэлт рүү нийгмийн сэтгэхүйг хөтөлсөн. Түүнээс улбаалан Үндсэн хуулиа шинэчлэх ёстой гэж амтай болгон ярьж, бичдэг бүхэн нь бичиж байна. Тэгээд “...хулгайчийг сонгодоггүй хуультай болно, банк дээрэмддэггүй хүмүүсийг төрд гаргана, ЖДҮХС, Хөгжлийн банк гэхчлэн зээлийн эх үүсвэрүүдийг жинхэнэ эзэнд нь хүргэдэг болно” гэцгээх.

Уг нь үүний өмнө ч “Улстөрчдийн ургийн мод”, аалзны тор, авлигын сүлжээ гэх мэдээллүүд яригддаг, бичдэг л байсан. Зарим хүний “Ургийн мод”-ны зургийг нь зураад гаргасан байв даа. Тэр нь ганц М.Энхболд гэдэг хүн дээр хэрэгжээд өнгөрснөөс бус, бусдынх нь тэгж газрын зураг шиг дэлгэгдээгүй. Далд байдалд улам ургаж, үндэслэсээр байсан. Үр дүн нь одоо л гарч ирж байх шиг. Гэртээ нуусан уул овоо шиг тэр их мөнгө бол дөнгөж л “Мөсөн уулын орой цухуйхтай адил” гэдгийг юм гадарладаг нэг нь хэлж байгаа. Хамгийн гол нь ийм замаар хөтөлж ирсэн гол буруутан нь Үндсэн хууль болж байх шиг байгаа юм. Угаасаа ч манай улстөрчид буруугаа эцэг хууль руу чихэж сурсан юм чинь. Тэгээд үүнээс хойш, түүнээс цааш хулгайчгүй, цэвэр ариун төр байхын тулд Үндсэн хуулиа өөрчилнө гэлцэж байна. 1992 оны шинэ Үндсэн хууль “Сүхбаатар” хөлөг онгоц лугаа үүргээ гүйцэтгээд дууссан, одоо дурсгалын хүндэт зогсоолдоо зогсох цаг болсон гэх хүн ч цөөнгүй байна. 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн тухайд “Нэмэлт, өөрчлөлт хийгээд гурван жил ч бололгүй дахин өөрчлөх асуудал яригдаж буй нь ерөөс шинэ хууль мэндлэх цаг болсны дохио” гэлцэнэ. Гэтэл 2019 онд гол өөрчлөлтүүдээ хийж чадаагүй. “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага Улсын Бага хурал байна” хэмээгээд хоёр танхимтай байх тухай ярьж байгаад ингэх юм бол шинэ хууль хийх юм байна гээд орхичихсон. Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах тухай бүлэг асуудал ярьж байснаа бас л больсон. Тэр үед дээрх хоёр өөрчлөлтийг хийсэн бол өнөөдрийн хулгай, хариуцлагагүй хоёр яригдах ч байсан уу, үгүй ч үү.

Шинэ оны эхэнд ИЗНН-аас “Зөвлөлдөх санал асуулгыг хайрцаглах юм бол Үндсэн хуулийн өөрчлөлт гэх жүжигт оролцож “дүр бүтээх” хэрэг байхгүй гэсэн. Мөн тэд “Тавдугаар Үндсэн хууль”-ийг цоо шинээр боловсруулснаа зарласан. Өдгөө Үндсэн хуулиа өөрчлөх, эсэхийг зөвлөлдөж шийднэ. Ард түмнээсээ асууна гэлцэж буй. Өнгөрсөн жил улс төрийн 20 гаруй нам нэгдэн шаардлага өгч, Засгийн газраас гаргасан ажлын хэсэг гаргасан. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын ахалсан ажлын хэсэг саяхан мэдээлэл хийхдээ “Ард түмнээс асууна, хэрхэхийг иргэд шийднэ” гэсэн. Үүний дараа Н.Энхбаярын ахалсан ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөлд “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс шууд гишүүн болохоор хуульчилсан байна” гэх шүүмжлэл өрнөсөн. Хуульч М.Чимиддорж нарын залуус хэвлэлийн хурал хийж “Н.Энхбаяр коммунист улс байгуулах цогц үйл ажиллагаа явуулж байна. Ийм Үндсэн хуулийн төсөл оруулж ирэх гэж байна. Монгол Улсад ардчиллыг устгахад чиглэсэн зохион байгуулалтай цогц үйл ажиллагаа явуулж байна” гэж хүртэл мэдэгдээд амжсан. 

Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн лхагва гарагт шинэ Үндсэн хуулийн төслийн асуудлаар тайлбар хийхдээ "Монгол Улсын Засгийн газар шинэ Үндсэн хууль боловсруулаад бэлэн болчихлоо гэх мэдээлэл цацагдаад байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуулга яригдах бүрд шинээр хийх ёстой гэсэн байр суурийг олон түвшинд илэрхийлдэг. Хоёр танхимтай парламенттай болох ёстой гэсэн асуудал нэлээдгүй ярьцгаадаг. Санаачилгууд хэр зэрэг гарч байсан бэ гэдгийг тодруулаад үзэхэд өнгөрсөн хугацаанд 10 гаруй төрлийг бичсэн тохиолдол байдаг юм байна. Шинээр Үндсэн хууль батлагдах гэж байгаа мэт ойлгох нь өрөөсгөл. Үндсэн хууль бичих захиалгыг Засгийн газар, эрх баригчдаас өгөөгүй. Шинээр Үндсэн хууль бичээд батална гэдэг нөхцөл өнөөдөр ихээхэн эргэлзээтэй. Богино хугацаанд хийх зүйл огт биш. Шинээр бичих шаардлагатай гэж үзвэл дор хаяж 2-3 жил шаардлагатай. Саяхан иргэдийн чуулган Төрийн ордонд болсон. Иргэдийн төлөөлөл, Ардын их хурлын депататууд оролцсон тэр чуулганд Ерөнхий сайд өөрийн байр сууриа илэрхийлсэн. Шинэчилсэн найруулга хийгээч гэдэг шаардлагыг тавьж байсан. Шинэ Үндсэн хууль батлахаар бол ард нийтийн санал асуулга явуулах зарчим нь байгаа. Хэрэв ард иргэд дэмжвэл, санал нэгдвэл эрх баригчид татгалзаад суугаад байх боломжгүй шүү дээ. Дангаараа батлаад явах боломжгүй" гэсэн мэдээллийг өгсөн.

Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлт хийх ямар арга замууд байна вэ. Олон нийт ямар тогтолцоог хүсэж байна вэ. Юуны өмнө тогтолцоо гажуудсан шалтгаан юунд байгааг олж тогтоох ёстой байх. Хоёр оны босгон дээр төрийн гурван өндөрлөгийн хэлсэн үгнээс эшилбэл, дэлхийн геополитикийн шинэ нөхцөл байдал, цар тахлын дараах эдийн засгийн  хэврэгшил, цаашид бий болгох дархлаа, түүний төлөөх эрэлхийлэл зэргээс харахад Монгол Улс парламентын засаглалаасаа ухрахгүй, харин ч сонгодог хэлбэр рүү явах ёстой гэсэн дохио сануулга байх шиг. Энэ нөхцөл байдалд төрийг машин зогсолтгүй эргэж байх хийгээд хамгийн зардал багатай, хурдан шуурхай, төлөөллийн саналыг гээгдүүлдэггүй тогтолцоо хэрэгтэйг нам, улс төрийн хүчнээр талцаад байдаггүй ахмадууд хэлж буй. Тэр нь нийгмийн бүхий л төлөөллийг оролцуулсан пропорциональ тогтолцоо байх болов уу. Ингэхдээ одоогийн нөхцөлд шинэ Үндсэн хууль мэндлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, ИЗНН-ын боловсруулсан Тавдугаар Үндсэн хууль  батлагдахгүй. Засгийн газраас гаргаж, Н.Энхбаярын ахалсан Ажлын хэсгээс боловсруулсан төслийг ч 100 хувь дэмжих нь юу л бол. Харин 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн алдаа, оноог дүгнэж, хийж чадаагүйгээ гүйцээх боломж байхыг үгүйсгэхгүй. Мэдээж Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах нь дамжиггүй.

Өөрөөр хэлбэл, байгаа нөхцөл боломждоо тааруулж, хууль эрх зүйн гаргалгааг ярьж, нийгмийн зөвшилцөл дээр гарцаа тодорхойлох ганц л зам байна гэдгийг зарим ажиглагч хэлж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд зарим их мэдэгч хэлэхдээ “Ирэх гуравдугаар сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Наймдугаар сард УИХ-ын сонгуулийг явуулна. Одоо байгаа 76 гишүүн намын жагсаалтаар парламентад буцаж орж ирж сууна. Үүн дээр шинээр сонгогдсон  76 гишүүнийг нэмж парламент 152 гишүүнтэй болно” хэмээн Вангадаж байгаа юм. Хэрхэхийг хэн ч одоогоор таашгүй. Харин энэ тохиолдолд хамгийн эцсийн шийдвэрийг ард түмэн гаргана. Ард нийтийн санал асуулга явуулна. Шийдвэр гаргах дархан эрхээ эдлэх учиртай нь эцсийн ганц үнэн гэдгийг бүгдээрээ ойлгож буй биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top