Эрлийз морьдын уралдаанд Ц.Батсайхан, Г.Тэмүүлэн, Л.Чинбат нарын хурдан ажнай өнгөллөө

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 13


Тод манлай Ц.Батсайханы өсгий цагаан торгон жолоо өргүүллээ


Монгол Улсын Засгийн газрын  шийдвэрийн дагуу улсын наадамд эрлийз адуу уралдуулахын хориглосон. Харин уяачдын наадам хэмээгддэг 13-ны өдөр Хүй долоон худагт эрлийз морьдын уралдааныг тусад нь зохион байгуулсан. Эрлийз морьдын  их насны морьдын уралдаанд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайсайханы өсгий цагаан хонгор түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн халтар морь аман хүзүүнд давхилаа. Гуравт Нийслэлийн Налайх дүүргийн уяач М.Энхтайваны бор морь, дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат Б.Буяннэмэхийн сувдан бор үрээ орж, айргийн тавд 100 номерын бор морь орлоо.

“Эрдэнэт”-ийн Ганзоригийн хүү өнгөтэй наадлаа


Дунд насны ангилалд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г. Тэмүүлэнгийн хар үрээ түрүүлж наадамчин олноо баясгалаа. Г.Тэмүүлэнг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ганзоригийн хүү гэдгээр нь наадамчин олон илүү мэдэх билээ. Энэ жилийн наадамд аавтайгаа хамт нэлээд тооны морьж уяжээ.  Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Пэрэнлэйн бор халзан үрээ орж, гуравт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын А.Нямхүүгийн зээрд халзан үрээ, дөрөвт Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Б.Далайн хээр үрээ орлоо. Харин айргийн тавд мөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Пэрэнлэйн загал халзан үрээ орж хурсан олноо баясгалаа. Энэ насанд нийт 56 хүлэг бүртгүүлснээс 41 нь уралдаж, шандсаа сорьсон юм.

Алтны магнат Л.Чинбатын даага түрүүллээ


"Хүй долоон худагт" болж байгаа шинэ монгол адуу буюу эрлийз морьдын дааганы бага насны уралдаанд “Гацуурт” ХХК-ийн захирал Л. Чинбатын Бүжин хээр даага түрүүллээ. Хээр даагыг 11 настай Батгэрэлийн Төртогтох унаж хурдлууллаа. Харин Аман хүзүүнд Шадар сайд З.Энхболдын хүү Э.Анарын Халиун алаг орлоо. Халиун алагыг 10 настай Б.Сундуйсүрэн унаж хурдлуулсан юм. Гуравдугаар байранд Архангайн Батцэнгэл сумын уяач Равдандоржийн хээр морь, Дөрөвдүгээр байранд Агваансамдангийн Батсүхийн Зээрд Хээр халтар орсон бол Тавдугаар байранд Завхан аймгийн Даш-Өлзийгийн Зээрд морь орлоо.
    Д.Билгүүн.
    Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top