Бахрейны Манама хотод Азийн хөлбөмбөгийн холбоо (АХБХ)-ны 33 дугаар Их хурал амжилттай болж өндөрлөлөө.
Уг хуралд АХБХ-ны гишүүн 46 улс албан ёсны эрхтэйгээр оролцож ирэх 2023-2027 оны дөрвөн жилийн шинэ удирдлагын баг, удирдах зөвлөлөө шинэчлэн сонгож, хийх ажлуудаа хэлэлцэж баталлаа.
Энэхүү арга хэмжээнд ОУХБХ-ны Ерөнхийлөгч Ноён Жианни Инфантино /FIFA/ оролцож, хүндэтгэлийн үг хэлэв. Тэрбээр Катар улсад 2022 онд зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж, Ази тив өндөр оролцоотой оролцон дэлхий даяар хөлбөмбөгийг хөгжүүлэх үйл хэрэгт нягт холбоотой ажиллаж байгааг дурдан, Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Ази тивд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг өгч, хуралд амжилт хүслээ.
Тус Их хурлаар АХБХ-ны Ерөнхийлөгчөөр Шейх Салман Бин Халифа болон 5 бүсийн Дэд Ерөнхийлөгчийн нэгээр Зүүн бүсийг төлөөлөн МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар мөн улиран сонгогдлоо.
Их хурлын үеэр Монголын Хөлбөмбөгийн холбооны удирдлагын баг Азийн гишүүн бусад холбоодтой хийж хэрэгжүүлэх төсөл хөтбөлбөрүүдээ уялдуулах, хамтран ажиллах, нөхөрсөг тоглолтууд, бусад улс орнуудад очиж бэлтгэл сургуулилт хийж, туршлага хуваалцах олон хөтөлбөрүүдийг хэлэлцэн тохиролцлоо.
Эхний алхам болгож Катарын Хөлбөмбөгийн холбоотой дасгалжуулагчийн боловсролын хөтөлбөрийг эхлүүллээ.
МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Д.Тэрбаатар нарын зүгээс Дасгалжуулагчийн боловсролын асуудалд онцгой анхаарал хандуулж, цаашид өөрийн улсад А Зэрэглэлийн дасгалжуулагч бэлдэх эрх авч, АХБХ-ны А конвенцид нэгдэхийн тулд Монголын ирээдүйтэй залуу дасгалжуулагч, сургагч баш нарыг Pro зэрэглэлийн сургалтанд хамруулах талаар 2022 оны ОУХБХ-ны Их хурлын үеэр хэд хэдэн орны холбоотой хамтран ажиллах хүсэлт тавиад байсан юм.
Тэдгээрээс хамгийн түрүүнд ийнхүү Катарын Хөлбөмбөгийн Холбоо нэг дасгалжуулагчийг дэмжиж сургахыг зөвшөөрсөн бөгөөд дасгалжуулагч Б.Гарьдмагнайг Катарын Хөлбөмбөгийн холбооноос сонгон шалгаруулж авсан.
Их хурлын үеэр Катарын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчтэй уулзах үедээ МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар хүсэлт тавьснаар Б.Гарьдмагнайгийн Катар улсад суралцах зардлыг Катарын Хөлбөмбөгийн холбоо даахаар болсон юм.
Энэ бол МХБХ-ны үйл ажиллагааг Ази тивд өндөр үнэлж, олон холбоод эн тэнцүү хамтран ажиллаж байгааг харуулж байгаа билээ.
Дасгалжуулагч Б.Гарьдмагнай өнөөдрөөс Катар Улсын Доха хотыг зорин нисч 4 модуль бүхий сургалтынхаа эхний хэсэгт хамрагдаж эхлэх юм.
Дараагийн дасгалжуулагчдын бэлдэх асуудлаар Саудын араб, Австрали, Узбекистан зэрэг орнуудтай ярилцсан бөгөөд Монгол Улсад Pro зэрэглэлтэй олон дасгалжуулагч шат дараатай бэлтгэж, хөлбөмбөгийн спортод өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )