Дасгалжуулагч Б.Гарьдмагнай мэргэжил дээшлүүлэхээр Катарыг зорилоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ) Катарын Хөлбөмбөгийн холбоотой дасгалжуулагчийн боловсролын хөтөлбөр эхлүүллээ.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Д.Тэрбаатар нарын зүгээс Дасгалжуулагчийн боловсролын асуудалд онцгой анхаарал хандуулж, цаашид өөрийн улсад А Зэрэглэлийн дасгалжуулагч бэлдэх эрх авч, АХБХ-ны А конвенцид нэгдэхийн тулд Монголын ирээдүйтэй залуу дасгалжуулагч, сургагч баш нарыг Pro зэрэглэлийн сургалтад хамруулах талаар 2022 оны ОУХБХ-ны Их хурлын үеэр хэд хэдэн орны холбоотой хамтран ажиллах хүсэлт тавиад байсан юм.

Тэдгээрээс хамгийн түрүүнд ийнхүү Катарын Хөлбөмбөгийн Холбоо нэг дасгалжуулагчийг дэмжиж, сургахыг зөвшөөрсөн бөгөөд дасгалжуулагч Б.Гарьдмагнайг Катарын Хөлбөмбөгийн холбооноос сонгон шалгаруулж авчээ. 

Саяхан Бахрейны Манама хотод болсон Азийн хөлбөмбөгийн холбооны Их хурлын үеэр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Катарын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид хүсэлт тавьснаар Б.Гарьдмагнайгийн Катар улсад суралцах зардлыг Катарын Хөлбөмбөгийн холбоо даахаар болсон юм.

Энэ бол МХБХ-ны үйл ажиллагааг Ази тивд өндөр үнэлж, олон холбоод эн тэнцүү хамтран ажиллаж байгааг харуулж байгаа ололт юм. 
 


Дасгалжуулагч Б.Гарьдмагнай өнөөдрөөс (2023.02.02) Катар Улсын Доха хотыг зорин нисч 4 модуль бүхий сургалтынхаа эхний хэсэгт хамрагдаж эхлэх юм.

Дараагийн дасгалжуулагчдын бэлдэх асуудлаар Саудын араб, Австрали, Узбекистан зэрэг орнуудтай ярилцсан бөгөөд Монгол Улсад Pro зэрэглэлтэй олон дасгалжуулагч шат дараатай бэлтгэж, хөлбөмбөгийн спортод өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top