Монголын зохиолчдын эвлэлээс анх санаачлан зохион байгуулсан уран зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан Өд" ёслол энэ жил 21 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Ёслолын ажиллагааг нээж МЗЭ-ийн дарга, СГЗ, Болор цомын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо үг хэлсэн юм. Энэ удаагийн "Алтан Өд" ёслолын яруу найргийн төрөлд 17 бүтээл ирснээс яруу найрагч Д.Эрдэнэзулайн "АВГАЛДАЙН СУУРИН" бүтээл шилдгээр шалгарсан байна. Харин хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээлийн төрөлд долоон бүтээл ирснээс зохиолч Ц.Буянзаяагийн "УЛААГЧИН ИНГЭЖ ХЭЛСЭН" роман шилдэг болжээ.
Тэгвэл хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээлийн төрөлд 11 бүтээл ирснээс зохиолч, яруу найрагч О.Цэнд-Аюушийн "ХҮЙТЭН ТУУЖ" ном шалгарсан байна.
Баримтат уран зохиолын төрөлд 18 бүтээл ирснээс зохиолч Ш.Баатарын "ХАЙРХААН" ном, хүүхдийн зохиолын төрөлд 25 бүтээл ирснээс залуу уран бүтээлч н.Батцэцэгийн "Н.НОРОВБАНЗАД" зурагт ном, уран зохиолын орчуулгын төрөлд 1769 онд анх бичиж, Лондоны театрт тавьсан Александер Доүгийн "ЧИНГИС" эмгэнэлт жүжгийн орчуулгаар, хэл бичгийн ухааны доктор, соёл судлаач, орчуулагч М.Саруул-Эрдэнийн бүтээл тус тус шилдгээр шалгарчээ.
Түүнчлэн утга зохиол, судлал, шүүмжийн төрөлд зохиолч Ц.Буянзаяа "МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН ТҮҮХЭН ТОВЧ 1, 2-р дэвтэр", жүжиг киноны зохиол төрөлд залуу уран бүтээлч Н.Майдарын "ДАСГАЛЖУУЛАГЧ" киноны зохиол шалгарсан бол шог хошин зохиолын төрөлд зохиолч Д.Жаргалсайханы "ТУСААН БУРХАН" ном шилдэг болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )