ЦЕГ-аас Санхүүгийн зохицуулах хороотой хамтран өнөөдөр /2023.02.06/ койн, крипто валюттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар "Цагдаагийн байгууллагад шалгагдсан 471 хэргийн 86 хэрэг нь гадаадын крипто валюттай холбоотой. Харин 385 буюу 82 хувь нь дотоодын койн, токентой холбоотой хэрэг байгаа юм. Иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ нь богино хугацаанд шийдэгдэх асуудал биш. Гадаад улсын бирж рүү Монголоос алдсан байсан крипто валютыг эргүүлэн татаж, хохирлыг барагдуулсан. Мөн хоёр иргэний 700 сая орчим төгрөгийн хохирлыг барагдуулсан" гэх мэдээллийг өглөө.
Харин Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар дураараа хөрөнгө татдаг байдлыг хориглосон. Хороонд бүртгүүлэхгүйгээр хөрөнгө татах, койн гаргах боломжгүй юм. Хууль батлагдсанаас хойш нэг ч койн шинээр гараагүй. Дэлхий дахинаа хоёр улс биткойныг мөнгөн тэмдэгт гэж хүлээн зөвшөөрч, 83 улс эрх зүйн зохицуулалт хийж байгаа" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )