Ж.Ганбаатар: Нүүрсний арилжааг “Хөрөнгийн бирж”-ийг түшиглэж хийнэ

2023 оны 02 сарын 08

Засгийн газрын өнөөдрийн /2023.02.08/ хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэх шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхтэй холбогдуулан ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийг шинэчлэн боловсруулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-д даалгалаа.

Энэ талаар УУХҮҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Маргааш "Эрдэнэ Монгол" ХХК гурван дуудлага худалдаагаар 21 харилцагч компанид 140 мянга орчим тонн нүүрс биржээр зарахаар төлөвлөж байгаа. Энэ зарах гэж байгаа нүүрс нь нэг сарын нүүрс гэж ойлгож болно. Долоодугаар сарын 01 гэхэд Монгол Улсын нүүрснийг 36 сая тонн гэж үзвэл 12 сая тонныг нь биржээр зардаг болох зорилго тавин ажиллаж байна. 2024 ондоо багтаад 50-60 хувьд хүргэх, 2025 ондоо багтаад зарах нүүрсээ биржээр худалдаалах зорилтын төлөө бүгд ажиллаж байна. Яагаад бүгдийг нь биржээр зарж болохгүй байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд хариулах гол зүйл бол манай боомтын хүчин чадал байна. Тиймээс бид алхам алхмаар урагшилж, ямар ч байсан ил тод, чөлөөт өрсөлдөөнийг бусад улсын жишгийн дагуу биржээ хөгжүүлж, төрийн нүүрсний уурхайнууд биржээр нүүрсээ зардаг болно.

Үүнтэй зэрэгцээд төмөр, жонш, болж өгвөл зэсээ, цаашдаа Монгол Улс экпортлож буй бүх металлыг биржээр худалдаалах хуультай байгаа. Гэхдээ нэг дор, нэг амьсгаагаар хийх боломж Монгол Улсад байхгүй. Ойрын гурван жилдээ багтаад биржээр зарна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж”-ийн доор явуулах шийдвэрийг гаргасан. Гол давуу тал нь хэрвээ тусдаа бирж байгуулсан тохиолдолд ойролцоогоор 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Түүнээс гадна боловсон хүчин. Тиймээс “Монголын хөрөнгийн бирж”-ээ түшиглэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргалаа" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top