Мон-Ураны Б.Наранхүү 800 саяар азарга авч, Монгол морины ханшийг огцом өсгөлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 14

                Газрын наймаачин, хүүхний зууч гэхчилэн элдвээрээ хэлүүлдэг ч хурдан моринд гар таталгүй мөнгө хаяж, олон сайхан буяныг  өөрийн нэр дээр уралдуулж чадсан “Мон Уран”-ы Б.Наранхүүг аргагүй л энэ цагийн ёндоотой эрчүүдийн нэг гэхээс өөр юу гэхэв. Олны хэл ам дарвал дарахаар муу сайнаараа хэлүүлсэн ч морины хийморь ямагт дагах Наранхүү энэ наадмаар ээлжит дуулианаа тарьж чадлаа. Алдарт шарга азарга зодог тайлах мөчид энэ цагийн ижилгүй хурдан хүлгэдийн тоонд яах аргагүй багтах болчихоод байгаа хээр азаргаа 500 мянган доллар дээр шинэхэн “Лексус 570” машин өгч үнэ цохиж авчээ. Наадмын өмнөхөн хийгдсэн түүний наймаа цөөн тооны бизнесменүүдийн хүрээнд яригдаж байсан ч наадмаар аман хүзүүдсэнийх нь дараа савнаасаа халив. Хурдан морины ханшийг ийнхүү 800 саяд хүргэсэн Б.Наранхүүгийн наймааг сайшаах хүн олон байгаа юм. Монгол морины үнийг өсгөх нь хурдан морины хөгжилд төдийгүй жирийн малчдад томоохон хаялгатай сайн үйлс билээ. Хөдөөгийн малчдын гол бизнес мориных нь буян болсон учраас Монгол морины ханш өсөх тусам Монголд ашигтай.

Эр нэг унаж, эрэг нэг нурдаг хойно Б.Наранхүүгийн бизнест хийсэн алдаа оноог дэнслэх зүйл гарсаар л байх биз. Гэвч түүний хурдан моринд зориулсан сэтгэл зүтгэлийг сайшаах нь зөв мэт. Хамгийн дээд тал нь 150 саяын үнэ хүрч байсан Монгол морины ханш 800 сая төгрөгт хүрснээр наадмын дараах хурдан морины ханшийг ч суга өсгөжээ. Одоо аймагт айрагдсан, эсвэл улсад цээжинд ирсэн хурдан хүлгэдийн доод ханш 25 саяас дуудагдаж эхлээд байна. Дашрамд дурьдахад энэ жилийн наадамд аман хүзүүдсэн Б.Наранхүүгийн 800 саяын хээр азаргыг Монголын томоохон уяачид бүгдээрээ шагшиж байгаагаас харахад хос шаргын дараагийн амжилтыг хурайлсан хурдан буян бололтой.

Ө.Мэргэндүү

Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top