ШЕЗ: Авлигын хэрэгт ял шийтгүүлэгчдийн 84.5 хувь ТӨРИЙН АЛБАН ХААГЧ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 14

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны шүүхийн ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шийдвэрлэлтийн талаар өнөөдөр /2023.02.14/ мэдээллээ.

Өнгөрөгч 2022 онд Монгол Улсын шүүх 106932 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

Задалж үзвэл, Анхан шатны эрүүгийн хэргийн шүүх 14,202, Иргэний хэргийн шүүх 57,633, Захиргааны хэргийн шүүх 2,096, Зөрчлийн хэргийн шүүх 24,166 байна. Нийтдээ 98,047 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Түүнчлэн Эрүүгийн 14,202 хэрэгт 16,353 иргэн, 10 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бол 834 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2592 хүнд цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсан байна.  

Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 530 хүн амиа алдаж, 264.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний 147.4 тэрбум төгрөг нь залилах гэмт хэргийн хохирлын дүн аж. 

2022 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 21.8 хувь, бусдыг залилах гэмт хэрэг 10.7 хувь, зам, тээврийн ослын гэмт хэрэг 36.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн анхан шатны шүүхэд авлигын 264 хэргийг хүлээж авснаас 68.9 хувийг нь эцэслэн шийдэж, 14.7 хувийг прокурорт буцаасан байна. Авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 84.5 хувь нь дээд боловсролтой, хоёр хүн тутмын нэг төрийн албан хаагч байна. 

Үүнийг өмнөх 2021 онтой харьцуулж үзвэл,
 

  • Захиргааны хэргийн шүүхэд хандсан хэргийн тоо 2096 болж өмнөх оноос 18.8 хувиар,
  • Эрүүгийн хэргийн шүүхэд хандсан хэргийн тоо 14,202 болж 17,7 хувиар,
  • Иргэний хэргийн шүүх 57.633 болж 26.8 хувиар,
  • Зөрчлийн хэрэг 24,116 болж өмнөх оноос 9,9 хувиар тус тус өсжээ.

Давж заалдах шатны шүүхийн хувьд,
 

  • Эрүүгийн хэргийн шүүхэд хандсан хэрэг 9.8 хувь,
  • Захиргааны хэргийн шүүхэд хандсан хэрэг 8.8 хувь,
  • Иргэний хэргийн шүүх 20.5 хувь,
  • Зөрчлийн хэргийн шүүх 35.9 хувиар тус тус өссөн байна.

Хяналтын шатны шүүхэд Эрүүгийн 188 хэрэг, Иргэний 1291, Захиргааны 84 нийтдээ 1563 хэрэг, маргааныг шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарчээ.

Өмнө онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт 15 нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг хуралдаанаараа хэлэлцэж, тухайн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдэл нь зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top