Зөвлөлдөх санал асуулгын ЗӨВЛӨМЖ ямар хариулт өгөхийг хүлээе

2023 оны 02 сарын 17

“Зөвлөлдөж шийдье” санал асуулгад Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 807 хүн Төрийн ордонд чууллаа.

Хөгшин, залуу, хот, хөдөөнийх гэлгүй ихэнх нь төрөө дээдлэж, хүндэтгэн үндэсний хувцсаараа гангарсан нь хурлын танхим өнгө өнгөөр солонгорч, харагдана. Аргагүй л санамсаргүй түүврийн арга буюу Улсын Их Хурлын даргын хэлсэнчлэн “солонгоруулан сонгох” аргаар манай улсын сонгуулийн санал өгөх  насны 2,1 сая иргэнээс сонгогдсон гэдгээ нотлох мэт солонгын долоон өнгө шиг санагдав.

Боловсрол мэдлэг, нас хүйс, ажил алба гээд ялгаатай байдлаар нь бус зөвхөн Монгол Улсын иргэн гэдэг шалгуураар сонгогдсон учраас азтай, бахархалтай хэрэг л дээ. Тэд төрийн хэргийг хэлэлцлээ. Ямар нэгэн таслалт, хийдэл гаргасангүй. Бүгд цагтаа цугларч, хүн бүр санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, ярилцаж байв. 

Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат буюу зөвлөлдөх уулзалтад оролцож буй 801 хүнээс Улаанбаатар хотоос 374 хүн, орон нутгаас 427 хүн хүрэлцэн иржээ. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй байна. Насны хувьд дундаж нас 37, хамгийн залуу оролцогч 20 настай бол хамгийн ахмад оролцогч 89 настай байна. 20-29 насны оролцогчид нийт оролцогчдын 12.5 хувийг бүрдүүлж байна.

Боловсролын түвшингээр авч үзвэл 25 хувь нь дээд боловсролтой, 28 хувь нь бүрэн дунд боловсролтой, найман хувь нь бага болон боловсролгүй, 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой, долоон хувь нь магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байна. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй оролцогчид байна. Хөдөлмөр эрхэлдэг 523 хүн байгаагийн 294 нь цалин хөлстэй байнгын ажиллагч байна.

Энэхүү статистик мэдээллээс санамсаргүй түүврийн энэхүү аргачлалд “арын хаалга” байхгүй гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, их ард түмнээс сонгогдсон бага ард түмэн ажээ. Харин зөвлөлдөх уулзалтад оролцогчдыг “Боловсролгүй иргэд”, “Унтаахай” гэхчлэн тэднийг сошиалаар чимхээд авна билээ. Өнөө цагт боловсролын тухай ойлголт огт өөр болсон. Мэдлэг, мэдээлэлтэй байх нь боловсролын 80 хувь үлдсэн нь хүний өөрийн чадамж гэх тодорхойлолт давамгайлах ажээ. Эдүгээ сонгогдсон 800 гаруй хүн хоёр өдрийн турш нэг ёсондоо суралцана. Тухайлсан асуудлаар 15,15-аараа хуваагдан хэлэлцэнэ. Энэ үед хүн бүр санал бодлоо илэрхийлнэ. Эсрэг, тэсрэг байр суурийг илэрхийлсэн мэдээллээр хангана.

Эцэст нь дахин 800-уулаа цуглан дүгнэлтээ хэлэлцэнэ. Түүний дараа санал авах дэс дараатай юм.

Иргэдээс санал асуулга авсан асуултыг олон нийтэд дэлгээгүй талаар шүүмжилж байсан. Хэрэв санал асуулгын санал авах асуулт нийтэд ил болбол тухайн санал асуулгад оролцогч иргэн бусдын санаа бодлыг сонсоод өөрийн бодол саналаа өөрчилдөг нь нотлогджээ. Тиймээс бодит үнэнийг мэдэх, асуудлыг шийдэх зөв зам баларч, зөвлөлдөх санал асуулгын мөн чанар алдагдаж  болзошгүй гэнэ.

Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулга иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн сэдвүүдээр хэлэлцсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжилж буй зөвлөлдөх уулзалтын асуулт хариултаас жишээ татья.

Иргэний болон улстөрийн эрх хариуцлага сэдвээр ярилцсан бүлгээс Хөвсгөл аймгаас ирсэн иргэн У.Нямбилэг экспертээс асуулт асуув.

-Төрийн албан хаагч нарын орлого, зарлагын мэдүүлэг дээр ямар ангиллаар зохицуулах зохицуулга хийх гэж байгаа вэ. Өндөр түвшний албан хаагчдын зарлагыг үнэн бодит, нээлттэй хянах тогтолцоог нэвтрүүлж, ингэхдээ ард иргэдийн хяналтыг оруулах боломж байна уу?

Экспертээр ажиллаж буй Удирдлагын академийн багш доктор Алтанзул энэ асуултад ийн хариулав.

-Дэлхийн 20 гаруй улсын төрийн албан хаагчид орлоготойгоо хамт зарлагаа мэдүүлэг тогтолцоо байдаг. Энэ бол харьцангуй бага тоо юм. Тиймээс зарлага мэдүүлэх асуудалд зохицуулалт шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эрх зүйн орчин болон системийн тогтолцооны асуудлууд байгаа.

Үл хөдлөх хөрөнгө, автотээврийн хэрэгсэл, хувьцаа, үнэт цаас, банк болон ББСБ-ын гүйлгээ, эд хөрөнгийн шинжтэй түрээс, зээлийн харилцаа, үнэт эд, мал худалдан авсан зардал,  аяллын зардлууд, сургалтын төлбөр зэрэг зарлагад тооцож хянах боломжтой.

Гэвч зардлыг хянах данс, гүйлгээ, түүнтэй холбоотой системийн асуудлууд хүндрэлтэй байна. Эхний ээлжинд эрх зүйн орчноо бас дэмжээд зохицуулчихвал төрийн албан тушаалтнуудын зард­лыг хянах боломжтой гэж үзэж байна. Авлигын эсрэг хууль дээр энэ зохицуулалтыг нарийвчлан оруулах байх гэж судлаачийн үүднээс харж байгаа шүү. Тэрийг мэдээж та бүхний дэм­жигдсэн саналыг аваад дараа нь хууль тогтоогч өөрөө саяын дурдсан хуу­лиуд дээр нэмэлт, өөрчлөлт оруулаад явна.

Хэлэлцүүлэг, асуулт, хариулт энэ жишгээр үргэлжлэв. Хоёр өдрийн турш холбогдох мэдээллийг сонсож, зөвлөлдсөн дээрх 801 оролцогчоос тус бүрд нь өмнө авсан 22 асуулгаар дахин санал асуулга авсан байна. Хоёр хоног дотор багтаж, Үндэсний статистикийн хороо эхний болон хоёр дахь шатны санал асуулгын дүн, Зөвлөлдөх уул­залтын дүнг шинжлэх ухааны арга зүй, аргачлалын дагуу нэгтгэн боловсруулж тодорхой дүгнэлт бүхий тайланг зөвлөлдөх зөвлөлд ирүүлнэ. Зөвлөл түүнийг үндэслэн асуулт тус бүрээр зөвлөмж боловсруулан тогтоосон хуга­цаанд нь шийдвэр гаргах эрх бүхий этгээд буюу Улсын Их Хуралд хүргүүлэх юм.

Монгол Улсын түүхэнд хоёр дахь удаагаа болсон Зөвлөлдөх санал асуулгаас гарах зөвлөмж бол улстөр, нийгмийн олон ээдрээт асуултуудад хариулт өгч, төрийн бодлогын эх сурвалж болох тэр л үр дүнг хүлээцгээе.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top