Т.Энэрэл: Намайг гэнэн хонгор, эсвэл ядарч зовсон дүрд илүүтэй олж хардаг

2023 оны 02 сарын 17

Жүжигчин Т.Энэрэлийг "Гурван найз", "Хайр эргэсэн хавар" зэрэг oлон ангит уран сайхны киногоор нь андахгүй сайн мэднэ. Чимээгүй хийгээд тасралтгүй хөдөлмөрлөж байгаа тэрээр хамгийн сүүлд "Сүрэг" киногоороо дэлгэцнээ эргэн ирсэн. Түүний гол дүрд нь тоглосон "Инээмтгий хүн" визуал драмын жүжиг тун удахгүй нээлтээ хийх гэж буй. Өөрийнхөө өөр талуудыг нээн таниулж, шинэ сорилт тавьсаар буй түүнтэй хэсэг хором ярилцлаа. 


-Одоо хаана харьяалагдаж байгаа вэ. Театртаа ажиллаж байгаа хэвээрэй юу?

-Би чөлөөт уран бүтээлч болсон байгаа. Төв аймгийн театртаа 12 жил гаруй ажилласан. Олон жил нэг газартаа ажиллаад тухтай бүсэд орчихсон юм шиг санагдаад шинийг эрэлхийлж эхэлсэн гэх үү дээ. Театрынхаа 40 жилийг дуусгаад ажлаасаа гарсан. Гараад хоёр сар орчим болж байна.

-Анх яагаад орон нутгийн театрт ажиллахаар шийдсэн бэ?

-Ангийн маань ихэнх хүүхдүүд Төв аймгийн студи ангийн бэлтгэсэн хүмүүс байсан. Бид нар хоорондоо ярилцаад хөдөө орон нутагт урлаг соёлыг түгээе гэж ярилцаад ангиараа явж байсан юм. Одоо ч гэсэн ангийнхан маань тэнд ажиллаж байгаа.

-Хүнд хаана ч байсан сурах зүйл байдаг шүү дээ. Орон нутагт ажиллахын давуу тал, мөн тэндээс сурч ойлгосон зүйлийнхээ талаар хуваалцаач?

-22 настайдаа сургуулиа төгсөөд шууд явсан болохоор маш их төлөвшил олж авсан гэж бодож байна. Ямарваа нэгэн уран бүтээл дээр ажиллахад, нэг хамт олонтой байх, өөрийнхөөрөө байх нь чухал. Халуун дотно хамт олонд өлгийдүүлж, хайран дунд бөмбөрч ажилласан учраас сайхан санагддаг. Жаргаж ажилласан 12 жил байсан.

-Тайзан дээр дүр бүтээх дуртай юу, эсвэл кинонд уу? Аль нь илүү таалагддаг вэ?

-Тайзан дээр тоглох илүү дуртай. Ид шидийн ертөнц мэт санагддаг. Тухайн дүрээ хэсэг хэсгээр нь авахуулах биш бүхэл бүтэн хоёр цагийн турш мэдрэмжээ хадгалж явах нь онцгой мэдрэмж төрүүлдэг. Кайф гэдэг зүйлийг хамгийн ихээр мэдэрдэг гэх үү дээ.

Мөн театрт тоглох нь жүжигчнээс илүү их уран чадвар, авхаалж самбаа шаарддаг. Дуу хоолой, бие физиологийн хувьд ч гэсэн үзэгчдэдээ хүрэх арга нь арай өөр. Бие, хэл, сэтгэл гурвын нэгдэл гэдэг бол жүжигчний уран чадварын оргил гурван нэгдэл байдаг. Үүнийг төгс, төгөлдөр үзүүлнэ гэдэг нь өөрөө тайзны урлаг.

 

ХҮНТЭЙ СУУГААД, ХҮҮХЭД ГАРГААД УРЛАГААС ХӨНДИЙРСӨН ГЭХ ЯРИАНД ЖААХАН ГОМДОЛТОЙ Л БАЙДАГ 

 

 

-Гаднын кино уран бүтээлчидтэй ажиллаж, кино наадамд оролцоно гэдэг жүжигчин хүний хувьд том дэвшил байх. Сэтгэгдэл хэр байсан бэ?

-2018 онд Шанхайн кино наадамд явсан. 2020 онд Берлиний кино наадамд явсан юм. Тоглосон хоёр кино маань хоёулаа монголд цацагдаагүй учраас хүмүүс тэр бүр мэддэггүй. Би өөрөө ч энэ тухайгаа олон нийтийн сүлжээнд тэр бүр хуваалцаад байдаггүй. Оролцон тоглосон бүтээл минь эх оронд маань цацагдаагүйд харамсдаг. Хийж бүтээсэн зүйлээ үзүүлэх юм сан гэж боддог.

Хүмүүс намайг хүнтэй суугаад, хүүхэд гаргаад ажлаасаа хөндийрсөн гэж бодоод байдаг. Энэ тухай ярианд жаахан гомдолтой л байдаг юм. Гэтэл энэ хугацаанд би тасралтгүй уран бүтээлд оролцсон. Хоёр кинондоо хоёуланд нь проб өгөөд тэнцсэн.

Нөгөө талаараа энэ хоёр кино наадамд оролцохдоо өөрийгөө жинхэнэ утгаараа жүжигчин гэдгээ мэдэрсэн. Хоёулаа “А” зэрэглэлийн кино наадам байсан учраас зохион байгуулалт өндөр түвшинд байдаг. Дэлхийн олон алдартай жүжигчидтэй мөр зэрэгцээд алхаж байна гэх мэдрэмж төрсөн. Тэнд “од” байх ямар байдгийг мэдэрсэн гэх үү дээ.

Монголд од байх хэцүү шүү дээ. Театрт ажиллаж байхдаа сарын 700.000 төгрөгийн цалин авдаг байлаа. Тэр мөнгөөр би од шиг харагдаж чадахгүй шүү дээ. Үүнийхээ хажуугаар зар сурталчилгаа, бизнес эрхлэх гээд л давхар зүйл хийхгүй бол болдоггүй. Манайхан жүжигчин гэхээр л баян гэж бодоод байдаг. Тийм биш шүү дээ. Олон улсын наадамд яваад, алдартай хүмүүстэй мөр зэрэгцээд зогсох сайхан байсан.

-Олон улсын наадамд оролцож, кинонд тоглолоо шүү дээ. Гаднын уран бүтээлчдээс уран бүтээлийн санал ирсэн үү?

-Тоглосон хоёр кинондоо монгол ахуйгаа харуулсан дүрд тоглосон. 2018 онд тоглосон кино маань тухайн жилдээ Шанхайн кино наадамд 3400 гаруй кинотой өрсөлдөөд “Best future film” төрөлд шагнал хүртсэн. Тэр кино Швейцарь Монголын хамтарсан уран бүтээл байсан учраас Швейцарь улс шагналаа авсан. Тухайн үед санал аваагүй ч гэсэн өндөр үнэлгээ өгч байсан. Шагнал гардуулах ёслолын дараах хүлээн авалтад “нүд сайтай” гэдэг үг олон сонссон.

 

АМЬДРАЛ ДЭЭР ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙХ ДУРТАЙ 

 

 

-Жүжигчин хүнийхээ хувьд баримталдаг зарчим бий юу?

-Би олон нийтийн сүлжээнд тийм ч идэвхтэй байдаг хүн биш л дээ. Хүмүүс намайг дурсан санахаар болбол бүтээсэн дүрээр маань дурсан санаасай гэж би хүсдэг. Өнгөрсөн хугацаанд өөр бусад зүйлээр биш зөвхөн уран бүтээлдээ төвлөрч ажилласан гэх үү дээ. Түүнд маань ч гэсэн хүмүүс ам сайтай байх шиг байдаг юм. Би өөрөө эмзэг төрлийн хүн болохоор сошл дайралт зэрэгт эмзэглэх байх. Түүнийгээ мэддэг учраас олны анхаарлын төвд байх дургүй. Олны анхаарлын төвд ороод “од” гээд хэлэгдээд явбал өдөр тутамдаа анхаарах хэрэгтэй болно. Тэгтэл намайг хараад хэн нэгэн үлгэр дуурайл авч байвал хэцүү шүү дээ. Тийм болохоор уран бүтээлээрээ л хүмүүст хүрэхийг хүсдэг. Харин амьдрал дээрээ өөрийнхөөрөө байх дуртай.

-Чөлөөт уран бүтээлч байх хэр байна вэ?

-Одоогийн байдлаар шинэ зүйл эхлүүлчихсэн явж байна. Тухтай орчинд удсан учраас одоо яг л хөлгүй далайд хөл тавьж байгаа мэт санагдаж байгаа. Саяхнаас нэвтрүүлэг хөтөлж эхэлсэн. Тэр миний хувьд маш том сорилт. Мөн нөхөртэйгөө хамт анх удаа сурталчилгааны зураг авалтад оролцож үзлээ. Саяхан “Baji & Yalalt” нэвтрүүлэгт оролцсон. Одоо шинэ хамт олонтой жүжиг тавих гэж байна.

Урьд нь дандаа гэрээнд заасан нэвтрүүлгүүдэд ордог байснаас биш хувь уран бүтээлчийн өнцгөөс нэвтрүүлэгт оролцож байсан тохиолдол бараг л байхгүй. Энэ удаад өөртөө эрс өөрчлөлт хийж байгаа. Чадахгүй байх вий гэдэг бодол, айдсаа даван туулаад явж байгаа. Эргээд үүнээсээ маш их зүйл сурч байна.

-Орон нутагт амьдрахын давуу болон сул талыг юу гэж боддог вэ?

-Орон нутагт ажиллаж амьдрахын нэг сул тал нь нийгмийн байдлаас жаахан хоцрох гээд байдаг гэх үү дээ. Хаана ямар кино проб авч байна вэ гэдэг мэдээллээс хоцроод байдаг. Заримыг нь бүр мэдэх ч үгүй өнгөрөх тохиолдол олон бий. Тийм болохоор тэр бүр проб өгөөд байж чаддаггүй. Давуу тал мэдээж цэвэр агаарт, илүү амар амгалан амьдрах боломжтой.

 

НӨХӨР НЬ ПРОДЬЮСЕР ХИЙЖ БАЙГАА УЧРААС ЭХНЭРЭЭ ЖҮЖИГТЭЭ ТОГЛУУЛЖ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙЖ МАГАДГҮЙ

 

 

-Өөрийг тань хамгийн их сорьсон дүр аль нь вэ?

-Бүх дүр, бүх сцен л шалгалт шиг байдаг даа. Өөртөө шаардлага өндөр байдаг болохоор дараа нь өөртөө шүүмжлэлтэй хандах гээд байдаг тал бий. Хамгийн сүүлд “Сүрэг” кинон дээр нэлээн гуньж гутарч, эморч байж давж гарсан. Найруулагч маань мундаг, хүлээцтэй хүн байсан учраас маш сайн ойлгосон. Найруулагч болсон гэж хэлсэн ч би өөртөө болоогүй мэт санагдах үе байсан. Заримдаа гуниглаад газар хөлөө жийж суугаад өвс зулгаагаад сууж байсан үе ч бий. Тэр үед эргэн тойрны хүмүүс маань байнга тайвшруулж байсанд баярладаг.

-“Сүрэг” кино цацагдсаны дараах хүмүүсийн хандлага хэр байна вэ?

-Би чинь орон нутагт ажилладаг, даруухан, олны нүдэн дээр тэр болгон байдаггүй хүн болохоор хүмүүс маш ам сайтай байгаа. Ялангуяа эмэгтэйчүүд маш их дэмжиж, урмын үгс илгээж байгаа. Тэдгээр хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Удахгүй тайзнаа тоглогдож эхлэх жүжгийн тань талаар ярилцъя. Энэхүү жүжигт ямар дүр бүтээх вэ?

-Нөхрийн маань Санктпетербургт хамтдаа сургууль төгссөн хүүхдүүд нийлээд “Pro” хэмээх театр байгуулсан. Гаднын театрт ажиллаж байгаад ирсэн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаадаа баяртай байгаа. Би Деягийн дүрийг бүтээж байгаа. Хүмүүс нөхөр нь продьюсер хийж байгаа учраас эхнэрээ жүжигтээ тоглуулж байна гэж бодож магадгүй. Ерөөсөө тийм зүйл байхгүй. Ерөнхий найруулагч Б.Даваасүрэн надад санал тавьсан.

 

 

Миний хувьд өмнө тоглож байсан жүжгүүдээс шинэ содон тавилттай, өөр өнцөгтэй байсан учраас тоглохоор шийдсэн. Бүх юм нь маш сонирхолтой байгаа. Миний хувьд шинэ яалал болж байгаа.

Деягийн хувьд эмэгтэй хүн болгоны тоглохыг хүсдэг дүрүүдийн нэг. Гэнэн хонгор дүр бүтээх боломж надад тайзан дээр л олдоно. Кинон дээр бүтээх нас маань дууссан гэх үү дээ. Гэнэн хонгор бүсгүйн дүрийг бүтээх гэж байгаадаа баяртай байгаа.

-Нөхөртэйгөө хамт ажиллах хэр байна вэ?

-Бид хоёр хамт жүжигт тоглож үзээгүй. Анх удаагаа хамт орж байна. Ерөнхийдөө их зайлсхийдэг байсан юм. Бүх зүйл дээр хамт байгаад байвал хэцүү байна байх гэж өмнө нь боддог байсан юм л даа. Энэ удаад хамтдаа ажиллаж байгаа нь сонирхолтой байгаа. Мөн ажиллаж байхад хажууд халамжлах хүн байгаа учраас сайхан байгаа.

Хэцүү зүйл нь гэвэл ар гэрийн амьдрал хаягдах гээд байдаг юм байна. Удахгүй Цагаан сарын баяр болох гэж байгаа ч юм бэлдэх завдал гарахгүй л байна. Мөн хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудал гарч ирдэг юм байна. Хоёр талын аав, ээжүүд маань л маш их тус, дэм болж байна даа.

 

ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЗОХИОЛ БИЧИЖ Ч МАГАДГҮЙ, БИЧИХГҮЙ Ч БАЙЖ МАГАДГҮЙ

 

 

-Жүжигчин хүмүүст кино зохиол бичих сонирхол байдаг байх. Ирээдүйд магадгүй зохиол бичье гэж боддог уу?

-Тэгж бодож байсан удаа бий. Маш олон санаа төрдөг л дөө. Жишээ нь зүүдэлж босож ирээд л би яг зохиол бичиж чадах юм шиг санагдаад л эхэлнэ. Өмнө нь зохиол дээр засвар хийх ажил театртаа их хийдэг байсан. Өөрөө бичиж чадах юм шиг санагдаад л яг суухаар гунигладаг л даа. Бодож байсан шиг амархан зүйл биш юм билээ.

“Нууцлаг хөргөгчний тулаан” нэвтрүүлэг дээр ч гэсэн. Харахад болох юм шиг санагдаад байсан ч яг зураг авалт эхлээд л мяарсан. Тэгэхээр салбар бүр л хэцүү байдаг юм билээ. Хэзээ нэгэн цагт зохиол бичиж ч магадгүй, бичихгүй ч байж магадгүй. 

-Жүжигчин хүний хувьд бүтээхийг хүсдэг дүр бий юу?

-Бүтээхийг хүсдэг дүр гэхээс илүүтэй өгөгдсөн дүрээ яг байгаагаар нь хүмүүст хүргэхийг хүсдэг. “Энэ дүр дээр яг чи л тохирно” гэдэг найруулагчийн үг намайг хамгийн ихээр баярлуулдаг. Тэрнээс биш өөр жүжигчин төлөвлөчхөөд бүтэхгүй болохоор нь санал тавих тийм ч таатай санагддаггүй.

Миний харагдах байдал гэнэн хонгор, эсвэл ядарч зовсон дүрд илүүтэй тохирдог юм шиг байгаа юм. Тийм дүрд илүүтэй олж хараад байх шиг санагддаг. Би өөрийгөө харахад гэмгүй мөртлөө хорон дүрд бас тохирох байх гэж бодоод байдаг юм. Намайг яагаад тийм зүйлд хардаггүй юм бол гэж боддог. Хэрвээ өөрөө уран бүтээл хийхээр болбол өөрийгөө өөр өнцгөөс харуулсан, гэнэн хонгор байж байгаад зэвүүн болж хувирдаг дүр бүтээнэ.

 

 

-Аав, ээж нь жүжигчин учраас хүүхдүүд нь бас жүжигчин болно гэж ярьдаг болов уу? 

-Манай том хүү маань 7 настай. Багш нь "аав, ээж нь юу хийдэг вэ?" гэж асуухад нь "зурагтаар гардаг" гэж хэлсэн гэсэн. Багаасаа л бид хоёрыг дагаад ажил руу явдаг байсан болохоор анхнаасаа л ийм байдаг гэж боддог байх. Энгийн мэргэжил гэж юу байдгийг сайн мэдэхгүй болохоор одоохондоо бүх зүйл ийм л байх ёстой юм шиг бодож байх. Гэхдээ би хувьдаа жүжигчний мэргэжил битгий сонгоосой гэж боддог. Аав, ээж нь энэ салбарт ажиллаж байгаа учраас өөрийн эрхгүй энэ салбарт татагдах л байх. Том хүү маань төвлөрөхдөө сайн. Тийм болохоор урлаж, бүтээдэг хүн болоосой гэж боддог. Бага хүү маань маш сэргэлэн хүү бий. Их хөдөлгөөнтэй. Гэхдээ жаахан жижигхэн биетэй. Тийм болохоор одоохондоо өндөр залуу болоосой гэж л бодож байна даа. Хүүхдүүдээ аль болох энэ салбарт орохгүй байгаасай л гэж хүсэж байна. Өөрсдийнхөө дураар байгаасай, алдаж онох эрхтэй байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ үнэхээр болох хүсэлтэй байвал хориглож чадахгүй байх. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье. 

-Танай хамт олонд ч мөн баярлалаа. Ажлын амжилт хүсье. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.168) 2023 оны 02 сарын 19

Хойд солонгосын будуун даргын дуу охинтой адилхан хуухэн байна ш дээ

0  |  0
Vujin(94.239.109.128) 2023 оны 02 сарын 19

Hugshirchee, ooriigoo archilaa

0  |  0
Ттт(203.91.115.55) 2023 оны 02 сарын 18

Амжилт хүсье.

0  |  0
DR. ADITYA(129.205.113.144) 2023 оны 02 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(129.205.113.144) 2023 оны 02 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Zochin(66.181.160.41) 2023 оны 02 сарын 18

Huurhun mongoljin emegtei umaa . Ih chadvarlag jujigchin sanagdsan shu . Zurag daruulahdaa joohon Hiimel haragdlaa

1  |  0
bayr(198.16.66.196) 2023 оны 02 сарын 18

дүрээ их сайн гаргаж чаддаг жүжигчин гэж боддог шүү. амжилт хүсье

2  |  0
Top