Уран хатгамал, үйл урлах монгол ухааныг олон талаас нь судалж, эрт цагаас эдүгээ хүртэл монголчуудын бүтээсэн гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах эрхэм зорилготой байгуулагдсан "Мандчирын наран" ТББ-аас санаачлан Богд хааны ордон музейтэй хамтран 5 дахь жилдээ "Гайхамшигт өв соёл, Монгол уран хатгамал" үзэсгэлэнг энэ сарын 9-17-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд оролцсон уран хатгамалч, шүтээн урлаач Ц.Тодгэрэлтэй цөөн хором ярилцлаа.
-Өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу?
- Намайг Цэдэндамба овогтой Тодгэрэл гэдэг. Зүү ороох оёдлоор 2010 оноос хойш бүтээл урлаж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 30 гаруй даалин, 50 гаруй хавтага, 5 шүтээн, 1 судар, 1 тоорцог урласан байна. Мөн аяганы уут урладаг.
-Анх хэрхэн хатгамал урлаж эхэлсэн бэ?
-Анх зүү ороох оёдлыг арван жилийн багшаараа заалгаж байсан юм. ШУТИС-ийн оёдлын технологичийн ангид суралцаж байхдаа мөн хатгамал заалгаж байсан. 2010 оноос эхлээд бүтээл урлаж эхэлсэн. Бурхан шүтээн урлах гээд Гандан тэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуулийн шүтээн урлалын ангид 2017 онд элсэн орж 2022 онд төгссөн. Багш маань Бурханч лам Г.Пүрэвбатын анхны шавь нарын нэг Шийрэвчогдон гэдэг хүн бий.
-Нэг даалин урлахад дунджаар хэчнээн хугацаа зарцуулдаг вэ?
-Хэмжээнээсээ шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Жижиг даалин нэг сар, том даалин гурваас хоёр жилийн хугацаанд бүтдэг. Шүтээн хамгийн багадаа жил болдог. Захиалагчийн хүсэлтээс шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Жилийн хугацаанд 3-4 даалин, нэг шүтээнтэй эхлүүлдэг. Нэг л захиалга аваад түүнийгээ бариад сууна гэж байдаггүй.
-Өдөрт хэчнээн цагийг бүтээлдээ зарцуулдаг вэ?
-Ерөнхийдөө шөнө 3-4 цаг л унтдаг. Өдөр жаахан нүдний хор гаргаад бусад хугацаанд бүтээлээ хийдэг.
-Даалингийн бэлгэдэг олон янз байгаа харагддаг. Энэ даалин ямар утга агуулгатай вэ?
-Энэхүү даалингийн захиалагч нь гал бар жилд төрсөн хүн. Голын барын дүрслэлийг амнаас нь гал гарч буйгаар хийсэн. Арын хэсэгт нар, сар эрхшээж, уулын оргилыг эзэгнэсэн байдлаар дүрсэлсэн. Булангийн хээнд хүрээ хээ ашигласан. Даалинг эр хүний энергийн уут гэж ярих нь бий. Тиймээс угаадаггүй гэдэг. Ажил үйлс нь бүтэхгүй бол өөртөө зориулж урлуулсан зүйлээ биедээ авч явахаар ажил үйлс саадгүй бүтдэг гэж мөн ярьдаг.
-Таны хатгамалууд юугаараа онцлог байдаг вэ?
-Торгон дээр наалт наадаггүй шууд оёдог. Наалт наахгүй оёхоор торго умайх гээд байдаг л даа. Тийм болохоор ур чадвар маш их шаарддаг. Тэр хэрээрээ ур ухаан шаардаж байна гэсэн үг. Зургаа мөн өөрөө зурж гаргадаг. Мөн бүх оёдлоо зуун хувь гараар урладаг. Оёдлын машин огт ашигладаггүй. Зуун хувь уламжлалт монгол урлалыг зүй ёсоор нь авч явах гэж хичээж байна.
-Бурхан, шүтээн хэзээнээс оёж эхэлсэн бэ?
-2017 оноос эхлэн оёж эхэлсэн. Шашны дээд сургуульд элсэж ороод бурхан урлах зөвшөөрөл авсан. Шүтээн урлалын ангид сурч байгаа болохоор өглөө бүр уншлагаа уншиж тухайн өдрийнхөө барцад саадыг арилгаад шүтээнээ урладаг. Одоогоор 5 шүтээн, 1 судар урласан байна.
-Хамгийн удаан хугацаанд хийж гүйцэтгэсэн бүтээл тань ямар бүтээл байдаг вэ?
-Тухайн хүнийхээ тухайн жилийн ажил үйлс, саад тотгор, бартаа зэргээс их зүйл шалтгаалдаг. Жишээлбэл нэг хүнд арван луутай даалин 5 жилийн хугацаанд урлаж өгсөн. Цаанаасаа утас зангираад л байвал тухайн захиалагчийнхаа барцадыг гаргаж байна гэсэн үг гэж үйлчид маань ярьдаг юм. Үнэхээр гараас гарахгүй байвал тавьчихна. Дуусах дөхөөд ирэхээр өөрийн эрхгүй барьж авмаар санагдаад байдаг. Оёход ямар ч саадгүй болдог. Тэгэхээр захиалагчаас бас их зүйл шалтгаалдаг.
-Бурхан, шүтээн урлаж байхдаа бодол, сэтгэл тань бас өөр зүйлд чиглэж байдаг байх?
-Тэгэлгүй яахав. Тухайн бурханыхаа тарнийг байнга уншина. Өглөөд итгэлээ одуулах тарниа уншиж, сайн цагаа харна. Дотроо ямар нэгэн уур бухимдалгүй байж сэтгэлээ амирлуулаад төлөв төвшин болж байж урлаж эхэлнэ.
Бурхан, шүтээн урлахад хар зураг маш чухал байдаг. Тэгийн зургаа өөрөө гаргадаг. Торгон дээр тэг эргээд байдаг учраас хэцүү. Тухай бүрт нь зургаа засаж явдаг. Гаднын улс орнуудад задгай хатгамал түгээмэл байдаг. Зүү ороох оёдол бол манай уламжлалт өв соёлын нэг.
-Таны бүтээлүүдийн хувьд хамгийн өндөр үнээр үнэлэгдэж байсан бүтээл тань ямар бүтээл байдаг вэ?
-Нэг даалин маань 25 саяар зарагдаж байсан юм байна. Би өөрөө шашны дээд сургууль төгссөн учраас багш нар маань аливаа зүйлд заавал үнэ тогтоож болохгүй гэж сургадаг байсан. Өглөгийн эзний өгсөн зүйлийг чамлаж болохгүй. Би хатгамалч хүн учраас өөр дээрээ л бодож үзэж байна л даа. Надаар урлуулъя гээд зориод ирсэн хүмүүстэйгээ ярьж байгаад бололцоогоор нь хүссэн зүйлийг нь урлаж өгөхийг эрхэмлэдэг болсон. Маш их хөдөлмөр шаарддаг учраас багадаа сая төгрөг орчмоос урчуудын маань үнэ ханш эхэлдэг болов уу гэж бодож байна.
-Танд ирж байсан хамгийн өвөрмөц захиалга ямар захиалга байсан бэ?
-Өвөрмөц гэхээсээ илүүтэй захиалагчаа хараад энэ хүнд ийм зүйл оёод өгчих юм сан гэсэн хүсэл төрдөг л дөө. Жишээ нь энэ хавтаганы эзэн хүүхэд Шинэцэцэг гэдэг нэртэй хүүхэд байгаа юм. Ээж нь баглаа цэцэг шиг хийлгэмээр байна гэж хэлж байсан. Бяцхан охинд оёж байгаа учраас цэцгийг наашаа төвийлгөж бодит юм шиг урлавал тухайн хүний маань сэтгэл нь баясах юм болов уу гэж бодсон. Энэ хавтагыг тухайн хүн маань насан туршдаа сүсэглээд явах юм бол ажил үйлс нь бүтэмжтэй, нэг төрлийн хамгаалалт болж өгдөг. Зориулж оёсон бүтээл эзэндээ үргэлж сайн сайхан зүйл дагуулдаг.
-Хүмүүс сүүлийн үед ямар захиалга түлхүү өгч байна вэ?
-Даалин, хавтага хүмүүс түгээмэл хийлгэх болсон. Сүүлийн үед аяганы уут бас их хийлгэдэг болсон байна. Миний аяганы уутнууд хуучны эсгүүрийн дагуу хийгддэг. Хатгамалтай тоорцог мөн дэлгэрч байна.
-Бүсгүйчүүд маань өөрсдөө даалин урлаж хайртай дотнын хүмүүстээ бэлэглэх хүсэлтэй байдаг шүү дээ. Та тэдэнд зөвлөгөө өгөөч?
-Анх даалин урлаж эхэлхэд хүмүүс сургалт явуулах уу гэж их асууж байсан. 2014-2017 оны хооронд сургалт явуулж 60 орчим хүнийг сургасан байдаг юм. Материалаа яаж сонгох вэ, яаж шалгах вэ гэдэг маш чухал. Мөн эсгүүрээ гаргахдаа торгоны ширхэгийг яаж байрлуулах вэ, зургаа яаж зурах вэ гээд л олон зүйл заасан. Хүмүүс маань бүгд сургалтаа дуустал нь суусан. Хамгийн настай хүн маань 72 настай Дарьсүрэн гээд эгч маань байсан.
-Гаднын хүмүүс хэр сонирхдог вэ?
-Ер нь их сонирхож байсан. Зүү ороох урлал дэлхий дахинд задгай хатгамал шиг танигдаагүй. Англи улсад болсон хатгамалын уралдаанд бүтээлээ явуулж үзэж байсан юм. Хэтэрхий уламжлалт талруугаа байна гэдэг хариу ирж байсан. Би яваандаа бие даасан үзэсгэлэн гаргая гэж бодож байгаа. Яваандаа зүү ороох хатгамал маань задгай хатгамал шиг олон улсад танигдах байх гэж бодож байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны үйл уран байг.
-Та бүхэнд ч мөн баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )