Их Манла хурж, ард олноо даатгах "Мөргөлийн эгшиг" тоглолт болно

2023 оны 02 сарын 26

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Мөргөлийн эгшиг" хүндэтгэлийн тоглолт XVII жарны “Үзэсгэлэн болгогч” усан туулай жилийн шинийн 8-ны билэгт сайн өдөр Манба Дацан хийдэд эгшиглэх гэж байна.

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Улмаар “Мөргөлийн эгшиг” дууг 23 жилийн өмнө анх удаа Хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлсэнээс хойш энэхүү “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтыг жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.

Мөн энэ өдөр Манба Дацан хийдийн лам хуврагууд Манла бурхандаа тахил өргөн, Их Манла хурж, ард олноо даатгадаг уламжлалтай.

Энэ жилийн тухайд Манла бурханы хот мандал-Лолан Жинхорыг равнайлан залах буян номын нээлтийн ажиллагаа давхар болж байгаа нь илүү онцлогтой юм. Манба Дацан хийдэд бүтээсэн энэхүү Лолан хот мандлын суурийн хэсэг болон бодит хэсгийг оролцуулбал 3х3 метрийн өргөнтэй, 3,5 метрийн өндөртэй бөгөөд монголчуудын өнгөрсөн үеийг авч үзэхэд ийм хэмжээний Манлын Лолан хот мандлыг бүтээж байсан тохиолдол түүхийн хуудсанд хараахан тэмдэглэгдээгүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.229.123.42) 2023 оны 02 сарын 27

Эргүү, тэнэг, мухар сүсэгт автагдсан үхэр монголчууд улс орны хөгжилд мөн ч их гай тарих юм даа новшнууд.

0  |  0
Top