Ядуурлын эсрэг тал нь эд баялаг биш, ШУДАРГА ЁС байдаг

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

Магтах шалтгаан алга, гэхдээ хэлэх хэрэгтэй. Монголчууд  бид төвлөрсөн төлөвлөгөөт  эдийн засагт нийгмээс зах зээлийн эдийн  засагт шилжсэн цагаас хойш бусдыг гуйж  царайчилж, дагаар орох нь халаг амьдарч  иржээ. Гэтэл Монгол Улс хүн ам цөөн,  нэг хүнд оногдох мал сүргийн тоо олон, газрын хэвлийд байх баялаг арвин ийм л оронд туйлын ядуу дорой 30 гаруй оныг  үдсэн байна. Үүнийг бултаараа хэлэх учраас олон зүйл нурших нь илүүц хэрэг. Америкийн “Өршөөл үзүүл” хэмээх уран сайхны киноны гол дүр “Ядуурлын эсрэг  тал нь эд баялаг биш, шударга ёс” хэмээн  хэлдэг дээ. Бид ийм л замыг туулж ирсэн  туйлын ядуу ард түмэн.

Харин 2016 оноос хойш “Ядуурлын эсрэг тал нь эд баялаг  биш” гэдгийг ойлгосон он жилүүд эхлэв  үү гэмээр салхи сэвэлзсэн.

Нэн тэргүүнд өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шадар сайдаар ажиллаж  байхдаа улс төрийн ууган хүчин дотор  шударга ёсны салхи оруулж, тэмцлийн  галыг анх өрдсөн гэдгийг олон хүн хэлэх  байх. Буруу ч зөв ч эхэлсэн нь гарцаагүй үнэн. Тухайн үедээ чамгүй л маргаан дэгдээж байсныг та бүхэн санаж буй. Тодотговол, “60 тэрбум”-ын гэх  төрийн албаны сүлжээ наймааг таслан  зогсоохоос энэ бүхэн эхэлсэн гэж үзэхэд  болно. Мэдээж хэрэг үүнийг “Эрх мэдлийн  төлөөх тулаан” хэмээн тэмдэглэн  үлдээсэн нь цөөнгүй бий. Хойшид ч  хоёр салаа замаар тэмдэглэгдэн үлдэх  нь гарцаагүй. Гагцхүү энэ тэмцэл өдгөө ч  үр дүнгээ өгсөөр байгааг анзаарч байгаа  нь олон биз ээ.

Улс төр, бизнесийн бүлэглэл уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг хууль бусаар авчихсан байсныг  төрд эргүүлэн авав. “Төр хувийн  хэвшлээ дээрэмдлээ” л гэсэн. Гэтэл бүлэглэлийн гарт орсон  үйлдвэр жилд төлдөг татвар эрс багассан байсан ч өнөөдөр  ямар их хэмжээний татварыг  улсад төлж байгааг бид бүхэн мэднэ. Цар тахлын хүнд хэцүү үед энэ л үйлдвэр нийт өрхийн цахилгаан, эрчим хүчний төлбөрийг даан барагдуулав. Улмаар олон улсын зах зээлд нэр хүнд нь өсөв. Санаж байгаа  байх. Өдгөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын  хэрэг эрхлэх газрын даргаар  ажиллаж байхдаа “Эрдэнэт”  үйлдвэрт онц байдал зарлаж  байгаад шалгалт хийж байсан  даа. Олон ч хуудуутай зүйл  гаргаж ирсэн. Үүний үр шимийг  цөөн хүмүүс бус бултаараа  хүртэж болдгийг харуулсан.

Ийнхүү У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар, УИХ-ын дарга  Г.Занданшатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар  ажиллаж байхдаа Салхитын  мөнгөний ордыг хятадуудын гараас авч өндөр настнууддаа тэтгэлэг олгосноор эхэлж байв. Өөрөөр хэлбэл төр,  ард түмэн өмчөө авч хишгээ хүртээж байна гэсэн үг. Үүнд  тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч ташуур өгсөн  гэдгийг мартаж болохгүй. Учир нь энэ бол Үндэсний  аюулгүй байдлын зөвлөлөөр  орж шийдэх асуудал байсан. Үүний шил даран, нам эвсэл  үл харгалзан УИХ-ын таван  гишүүн Төв талбайд шударга ёсны тэмцэлд ард түмнийг уриалсан нь “Ядуурлын эсрэг тал нь эд баялаг биш” гэдгийг  түмэн олонд ойлгуулахад чамгүй дөхөм үйл ажиллагаа байсан гэхэд болно.

Аанай л энэхүү тэмцлийн нөгөө талаас “Эрх мэдэл, албан  тушаалын төлөөх” гэх шошго  нааж орхисон. Гэвч энэхүү  тэмцлийн гал нь өнөөдөр  нэгэнт газар авч, “Эрх мэдэл, албан тушаалын төлөөх” биш юм гэдгийг утгаар нь ойлгуулж  эхлэв. Энэ л монголчуудын  хувьд томоохон алхам, олз юм. Аливаа зүйлийг хэл ам, хэрүүл тэмцэл дундуур өөрийгөө золиослож байж гаргаж ирдэг.  Энэ цагийн удирдагчид ч  ийм л замаар явж өнөөдөрт  ирсэн гэдийг зориуд тэмдэглэн  үлдээх учиртай.

Өмч хувьчлал нэрийн дор “Хөтөл”-ийн цемент шохой, “Дархан”-ы төмөрлөгийн  үйлдвэрийг улс төр, эдийн  засгийн бүлэглэл авчихсан байсныг төр эргүүлэн авсан. Мөн л “Төр хувийн өмч дээрэмдсэн” гэх хэрэгт  унасан. Гэвч үүнийг цаг  хугацаа харуулсан. Энэ бүх  зүйлийн цаад учрыг ухна гэвэл  цаг зав хүрэлцэхгүй. Гагцхүү  өнөөдөр өрнөж байгаа үйл явцаас харахад “Ядуурлын  эсрэг тал нь эд баялаг биш, шударга ёс” гэдгийг харуулсан үйл явдал өрнөж байна. Хэзээ ч унтрахааргүй цаг хугацааны галыг энд асааж өгсөнд оршино. Урьд өмнө улсын өмчид байсан нэр хүндтэй  байгууллага бүлэглэлийн гарт орсноор ямархан хувь заяаг туулж ирснийг тэнд ажиллаж, амьдарч ирсэн хүмүүсийн яриа  батлах учраас дурдах нь бас л  илүүц. Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг нийтэд зарлаж өнөөдөр нэг их наяд  гаруй төгрөг төлүүлээд байна. Чанаргүй зээлдэгчид гэхээсээ  илүүтэй улс төр бизнесийн  бүлэглэл дээрэмдээд авчихсан мөнгийг төлүүлж байна гэсэн  үг. Олон ч сорилт тулгаралт, саад бэрхшээлийг давж байна.

Өнгөрөгч оны төгсгөлд  Засгийн газраас “Нүүрсний  хулгайч”-дыг нийтэд зарласан төдийгүй энэ хэрэгт өдгөө олон арван хүнийг шалгаж байна. Хэдийгээр хөөстэй улстөрчийн мэдэгдэл ч гэлээ 44 их наяд  төгрөг гэдэг бол асар их мөнгө. Тус мөнгийг ард түмний өмч болох газрын доорхи баялгаар  дамжуулан авсан баримтуудыг дэлгэх болов. Үүний зэрэгцээ  гэмтэй байж болзошгүй нөхдийг шалгаж эхэлсэн. Үүнийг урьд  өмнө хэн хэрэгжүүлж хийж  байсан юм. Хэрэгжүүлж хийх нь бүү хэл хэлэхээс ч айдаг  зүйлийн нэг байв. Монгол Улсын эдийн засгийн томоохон дэмжигч Тавантолгой орд газар  өнөөдөр ямар их луйврын  замаар нүүрс тээвэр хийж байгааг гаргаад ирэв. Энэ  нь бидэнд баялаг байгаа ч шударга ёс алга гэдгийг хэлж  байна. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанид онц байдал зарлаж, Засгийн газраас бүрэн эрхэт төлөөлөгч  томилон ажиллуулж байгаа  нь нууж дарагдуулсан олон булхайг ил болгож эхэлсэн. Цаашид ч гаргаж ирнэ.

Энд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгаад зоримог хөдөлж байгаа олон зүйлсийг дурдах албагүй. Хамгийн ойлгомжтой нь “Ядуурлын  эсрэг тал нь эд баялаг биш,  шударга ёс” гэдгийг ойлгуулж  байгаад л хэн ч баярлана. Мэдээж хэрэг шуудхан орд  газраа ухаад ард түмэндээ мөнгө төгрөг цутгах тухай буруу ойлголт нийгэмд байна. Тийм биш. Гагцхүү шударга  ёс тогтож байж биднээс хулгайч дээрэмчид зайлна, улмаар түмэн олон хүртэх  ёстойгоо тэгш хүртэнэ гэдгийг ойлгуулахын тулд сүүлийн  олон жил тэмцэж байгааг л  дуулгах гэсэн хэрэг.

Энэ тал дээр өнөөдөр  ажиллаж байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэж байгаа нь сайн хэрэг. Нэгдэхгүй ч байхын  аргагүй. Яагаад гэхээр үүнийг ойлгуулахын тулд анхнаасаа тэмцсэн нөхөд шүү дээ. Үүнийг л бултаараа ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тони(139.5.219.92) 2023 оны 02 сарын 27

Хов хоосон хонгио данхыг харахаар л баас хүрээд байна шүү

0  |  0
Zochin(86.111.136.175) 2023 оны 02 сарын 27

Brabooooooo !!!\nulam sain ajillaarai gej husie

0  |  0
Top