Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирсон хэргийн тайлан гарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны албанаас “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл" сэдэвт судалгааны ажлыг хийж, тайланг хэвлэн гаргалаа.

Жил бүр гэр бүлийн орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо өсөж, хүчирхийлэлд хүүхэд өртөх, эрүүл мэндээрээ хохирох, улмаар байнгын шинжтэй хүчирхийлэл дунд хүүхэд өсөж байгаа нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахад бодит мэдээлэл өгөх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох үүднээс энэхүү судалгааг хийсэн байна.

Судалгааны ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдийн нөхцөл байдал, хэргийг шалгаж, шийдвэрлэж буй практик, хохирсон хүүхдийн эрхийг сэргээж чадаж байгаа эсэх зэргийг нарийвчлан судалсан бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг бууруулах бодлого боловсруулах, шийдвэр гаргах, нийгэмд тухайн гэмт хэргийн хор аюулыг таниулах, эрсдэлт орчинд өсөж буй хүүхдийн эрхийг хамгаалах, тэдгээрт сэтгэл зүйн болон бусад тусламж, үйлчилгээг үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой судалгааны ажил болжээ.

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн нь эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэх, судалгааны үр дүнг олон нийтэд түгээх, практикт нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top