Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван, аюулгүй зорчих, болзошгүй зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шилийн богд” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээг санаачлан зохион байгуулсан. Уг арга хэмжээний үр дүнгийн талаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Батхүүтэй ярилцлаа.
-“Шилийн богд” хэсэгчилсэн арга хэмжээний талаар ярианы эхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Монголын уламжлалт Сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн Дарьганга сумын нутаг дахь төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд хайрхныг зорин ирэх дотоодын жуулчид, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг учир аймгийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван, аюулгүй зорчих, болзошгүй зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шилийн богд” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээг санаачлан, аймгийн Засаг даргын захирамжаар арга хэмжээний хүрээндзарцуулагдах шатахуун, бусад шаардагдах зардлыг шийдвэрлүүлэн, Дарьганга сумын Засаг даргын тамгын газар, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон нутгийн сайн дурын иргэдтэй хамтран уг хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж ажилласан.
-Эдгээр өдрүүдэд Сүхбаатар аймгийг хэдэн тээврийн хэрэгсэл, хэчнээн иргэн зорин ирсэн бэ? Хамгийн холоос нь хаанаас зорин ирсэн бэ?
-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Дарьганга сумын Алтан овоо, Шилийн богд хайрхныг 4500 орчим тээврийн хэрэгсэл, 20000 гаруй иргэд, жуулчид зорин очсон бөгөөд баруун хязгаар Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудаас иргэд “Шилийн богд” хайрхныг зорин ирсэн мэдээлэлтэй байна.
-Жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар ажил, арга хэмжээг хэрэгжүүлсэн бэ?
-Шилийн богд” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болзошгүй зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Асгат, Дарьганга сум, Шилийн богд хайрхны постуудад 24 цагаарбайнгын 6 постыг ажиллуулж, орон нутгийн BBS телевиз, МҮОНРТ, “Монцамэ” агентлаг, Sbinfo.mn сайт, Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын цахим хуудас, NTV телевиз болон бусад хэвлэл,мэдээллийн сайтуудтай хамтран үе шаттайгаар “Шилийн богд” хэсэгчилсэн арга хэмжээний зорилго, тухайн үеийн хөдөлгөөний эрчим, замын нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлийн талаарх сэрэмжлүүлэг, иргэдийн зан үйлд эергээр нөлөөлөх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажилласан.
-Баруун-Урт сумаас Дарьганга чиглэлийн авто замын нөхцөл байдал ямар байв? Энэ чиглэлд зөрчил үйлдэгдсэн үү?, Зөрчил гарсан бол ямар төрлийн зөрчлүүд бүртгэгдэв?
-Өнгөрсөн Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цаг агаар харьцангуй дулаан байсан учир цас хайлж, замын нөхцөл байдал шавартай, халтиргаа гулгаа ихтэйхүндхэн байсан хэдий ч Шилийн богдын чиглэлд ноцтой зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Энэ нь цагдаагийн байгууллагаас түгээсэн “Шилийн богд”-ын нөхцөл байдал болон сэрэмжлүүлэг мэдээ иргэдэд хүрч, иргэд замын нөхцөл байдалд хурдаа тохируулан, өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулалгүй хөдөлгөөнд соёлтойоролцсоны үр дүн гэж харж байна.
-Замд саатсан, тээврийн хэрэгсэл нь цас, шаварт суусан, төөрсөн гэх хэчнээн дуудлага бүртгэгдэв. Энэ тохиолдолд ямар тусламж үзүүлсэн бэ?
-Иргэд сүүлийн үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд ихээхэн анхаарч, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, аюулгүй байдлаа ханган зорчижбайна. Шилийн богдын замд тээврийн хэрэгсэл саатсан, цас, шаварт суусан, төөрсөн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн газарт мөн бүртгэгдээгүй.
-Жуулчид, аялагчдын хөл хөдөлгөөн их, ачаалалтай үед байгаль орчин, уул овоо бохирдох тохиолдол их гардаг шүү дээ. Энэ жилийн тухайд ямар байв?
-Жил болгоны сар шинийн баярын өдрүүдэд Шилийн богд хайрхан олон мянган тээврийн хэрэгсэл, хүний хөлд дарагдаж тэр хэрээр байгаль орчин бохирддог байсан талаар тус сумын Засаг даргын тамгын газар, Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлж байсан. Харин энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэд уул овоонд мөргөх зан үйлд ихээхэн ухамсартайгаар хандаж, харьцангуй соёлтой болсон, байгаль орчин бохирдуулах элдэв хог хаягдал үлдээлгүй, уул овоонд өргөх идээ будаа нь хүртэл байгаль экологид бохирдол үүсгэхээргүй болж байгаа талаар таатай мэдээ Дарьгангын байгалийн цогцолборт газрын захиргаа болон жуулчны баазууд, нутгийн иргэдээс тус цагдаагийн газарт ирүүлсэн байна.
-Дараа дараагийн жилүүдэд зорин ирэх аялагч, жуулчдад юуг анхааруулж захих вэ?
-Иргэд та бүхэн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд хайрхныг зорин ирэхдээ уул овоонд мөргөх зан үйлд ухамсартайгаар хандаж, байгаль орчинд бохирдол учруулах элдэв хог хаягдал үлдээлгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулалгүй Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )