Б.Мөнхтогтох: "Бадрах Энержи"-гийн шалгалтаар ноцтой байдал илрээгүй

2023 оны 03 сарын 13

БОАЖЯ-ны Салбарын хяналтын дарга Б.Мөнхтогтох Дорноговь, Дундговь аймагт цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж ахуйн нэгжтэй холбоотой суудлаар дараах мэдээллийг өглөө.


Тэрээр “Цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн хяналтын Ерөнхий газар болон аймаг орон нутгийн зүгээс тодорхой хяналт шалгалтуудыг тогтмол хийж байсан.

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг хүрээнээс гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас үүрэг болгосны дагуу, Шадар сайдаас ажлын хэсэг байгуулсны дагуу тогтмол хяналт шалгалтуудыг хийдэг байсан.

Байгаль орчин болон цацрагийн чиглэл дээр хүний амь нас эрүүл мэндэд ноцтой нөхцөл байдал тогтоогдоогүй. Үүнийг удаа дараагийн хяналт шалгалт, Шадар сайдын баталсан Ажлын хэсэгт холбогдох чиг үүргийн төрийн болон төрийн бус лабораторийн 42 байгууллага орж ажилласан. ЗГХЭГ-аас Мал эмнэлгийн ерөнхий газраар ахлуулж, хяналт, шалгалтын ажлын хэсэг ажиллуулсан. Эндээс байгаль орчинд сөрөг нөлөө, хүний амь насанд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаль орчинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй.

2022 онд МХЕГ-аас “Бадрах Энержи” ХХК-д төлөвлөгөөт шалгалтыг би өөрөө ахалж хийсэн. Үүнд цацрагийн хяналтын чиглэлээр, химийн бодисын аюулгүй байдлын чиглэлээр, байгаль орчны чиглэлээр, газрын чиглэлээр, орчны эрүүл ахуйн чиглэлээр таван төрлийн хяналт шалгалтын нэгдсэн бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт хийж байсан. Тэгэхээр ураны асуудлаар болоод мах үхэж байна, хүний амь нас, эрүүл мэндэд ийм ноцтой нөхцөл байдал үүссэн байна, химийн аюулгүй бодис дээр ингэж дүрмийн шаардлага зөрчсөн гэдэг нөхцөл байдал илрээгүй.

Дундговь аймагт ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гурвансайхан” ХК нь 2016 онд Гурвансайхан, Өлзийт, Баянжаргалан, Өндөр шил сумдын нутаг дэвсгэрт оршдог Чойр, Гурвансайхан, Хайрхан гэсэн гурван талбайд Ашиглалтын тусгай зөвшөөрлийг ашигт малтмал, газрын тосны газраас авсан байгаа юм.

Зөвшөөрөл авсны дараагаар идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй. Гэхдээ хайгуулын талбайтай холбоотой хяналт, шалгалт хийе гэдэг хүсэлтийг орон нутгаас ирүүлээд 2020 онд мэргэжлийн хяналтын байгууллаас, 2022 онд ЗГХЭГ-т ирсэн иргэдийн өргөдөл гомдлын дагуу тус компанийн хайгуулын талбай дээр хяналт шалгалтын ажлыг цацрагийн чиглэлээр, байгаль орчны чиглэлээр хийж гүйцэтгэсэн.

Улсын байцаагчийн дүгнэлтээр "Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр “Гурвансайхан” ХК-ийн хайгуулын өрөмдлөгөөс гарч байгаа шламтай хөрс нь тухайн нутаг дэвсгэрийн хөрсний найрлагатай ижил бөгөөд түүнд агуулагдаж байгаа өрмийн ханыг бэхжүүлэгч бодисын эзлэх хувь нь тухайн хөрсний найрлагад 6.8-20.2 хувь буюу бага хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь хүний амь нас болон хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдал үүсгээгүй гэж гарсан" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top