Хөлбөмбөгийн улирлын өмнө Зэрэглэлтэй шүүгчдийн сургалт боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

Монголын Хөлбөмбөгийн холбооны бүхий л тэмцээн уралдаануудыг шүүн явуулдаг А, В, С ангилалтай шүүгчдийн нэгдсэн сургалт төв аймаг дахь шигшээ багийн бэлтгэлийн баазад болж өнгөрлөө.

Тав хоног үргэлжилсэн уг сургалтаар шүүгчдийн дүрмийн мэдлэгийг шалгах аман болон дүрс бичлэг бүхий шалгалт, бие бялдрын бэлтгэлжилтийг шалгах фитнес тест зэрэг хэд хэдэн шалгалтуудыг уламжлал ёсоор авсан юм.

 

 

Сургалтыг зохион байгуулсан сургагч багш нар шүүгчдийн дүрс бичлэг дээр ажиллаж, бодит жишээн дээр тулгуурлан дүрмийн хэрэгжилтийг тайлбарлах чадвар улам бүр дээшилж буйг онцоллоо. Мөн энэ удаагийн сургалт нь битүү дээвэртэй бэлтгэлийн талбайд болсноороо онцлогтой байлаа. Хаврын салхитай, хүйтэн цаг агаарт гүйлтийн шалгалт өгдөг байсан үе ард хоцорч шүүгч залуус фитнес тестээ амжилттай давлаа.

 

 

Дан ганц хөлбөмбөгийн дүрэм, гүйлтийн бэлтгэл гэлгүй шүүгчдийн харилцаа, мэргэжлийн ёс зүйд анхаарч төлөвшлийн тухай хичээл оров. Мөн хөлбөмбөгийн шударга байдлыг хамгаалах үүднээс холбогдох дүрэм журмуудын талаар ч дахин танилцуулав. Гуравдугаар сарын 11-ээс эхлэн 2022-2023 оны талбайн улирлын тэмцээнүүдийг шүүн явуулах нийт шүүгчдэдээ амжилт хүсье хэмээн Монголын Хөлбөмбөгийн Холбооноос мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top