Инфляц өндөр түвшинд хадгалагдах эрсдэл хэвээрээ байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр инфляц энэ оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 12.2 хувьтай гарсан. Төв банкны Мөнгөний бодлогын хороо энэ долоо хоногт хуралдан шийдвэрээ гаргахдаа, бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалсан юм. Уг шийдвэрийг гаргах болсон үндэслэл нь инфляц өндөр түвшинд хадгалагдах эрсдэл байсаар байна гэж үзжээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Инфляц бидний төсөөлж байсантай нийцтэйгээр буурах хандлага нь үргэлжилж, 2023 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 12.2 хувьтай гарлаа. Инфляцын түвшин саарахад  импортын бараа, дотоодын үйлчилгээний үнэ  өнгөрсөн оны өвлийн саруудад өндөр өссөн суурь үеийн нөлөө голлон нөлөөллөө. Нийлүүлэлт, зардлын хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц цаашид алгуур буурахаар байгаа хэдий ч эдийн засгийн өсөлт эрчимжиж, төсвийн зардал өндөр байгаагаас эрэлтийн инфляц нэмэгдэх эрсдэлтэй байна. Тодруулбал,

Хилийн хязгаарлалт суларсантай холбоотой тээврийн зардал, импортын үнэ, мөн импортын орцын зардал буурснаар дотоод барааны үнийн өсөлт саарахад нөлөөлөхөөр байна.

Шатахууны инфляц буурахаар хүлээгдэж байна.

Гэхдээ инфляцад валютын ханшийн нөлөө, эрэлтийн хүчин зүйлсийн нөлөө нэмэгдэх эрсдэлтэй байна.

Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл экспортын орлого болон бусад орох урсгалын нөлөөгөөр өнгөрсөн оны эцэст төсөөлж байснаас сайн байлаа.Цаашид түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдан, экспортын орлого нэмэгдэх нь төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлөх боловч, импортын дүн өндөр байж, санхүүгийн дансны орох урсгал төдийлөн нэмэгдэхээргүй байгаа нь төлбөрийн тэнцэл үргэлжлэн алдагдалтай гарах нөхцөлийг үүсгэж байна. Гэхдээ Засгийн газрын зорьж буй нүүрсний экспортын хэмжээ өсөх, хилийн үнийн хувьд нүүрсний экспортыг биржээр дамжуулан борлуулах арга хэмжээний нөлөөгөөр илүү нэмэгдэх нөхцөл үүсвэл төлбөрийн тэнцлийн алдагдал, валютын нөөцөд ирэх дарамт буурах боломжтой юм. Гадаад тэнцвэргүй байдлыг бууруулахад чиглэсэн бодлогын зохицуулалтуудыг хийх нь макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад нэн тэргүүний асуудал хэвээр байна. Хөрөнгийн орох урсгалын төлөв хангалтгүй, хөгжиж буй орнуудын хувьд эх үүсвэр татах санхүүгийн нөхцөл чангарч байгаа энэ үед банкнуудын гадаад зах зээлээс шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц (ЗБН)-ийн шаардлагаас чөлөөлөх арга хэмжээ нь банкнуудад гадаад валютын эх үүсвэр татах хөшүүргийг бий болгож, хөрөнгийн орох урсгалыг нэмэгдүүлэх, гадаад тэнцвэрийг хангахад эергээр нөлөөлнө. Манай экспортын гол зах зээл болох БНХАУ-ын эдийн засаг нээгдэж, хилийн нөхцөл байдал сайжирч, экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засгийн төлөвт эерэг нөлөө үзүүлж эхлээд байна. Инфляц эрэлтийн бус хүчин зүйлсийн нөлөөгөөр буурч, цаашид зорилтот түвшний орчим тогтворжихоор байна. Гэхдээ эрэлтийн болон ханшийн нөлөөгөөр инфляц энэ суурь төсөөллөөс илүү алгуур буурах буюу харьцангуй өндөр түвшинд хадгалагдах эрсдэл байсаар байна” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Vb(192.82.72.12) 2023 оны 03 сарын 21

Ene mongol bank n deeree chadvartai hyn taviachee sugnii us aj ahui hariutsaj bsan hyn tavchihaad dampuuruulaad bh um

0  |  0
зочин(112.72.15.198) 2023 оны 03 сарын 20

найман шаргын чёнжүүд ханшаа унагааж эдий засгаа аварна уу

0  |  0
Top