Бутарч, хоорондоо дайсагнасан “зургаан түмэн”, цусыг садруулан ясыг үйрүүлэн задарсан олон овог аймгийг Их Монголын захиргаанд нэгтгэн хурааж, хумьсан эзэн хаан авга Чингисийн аугаа үйлийг хэдэн зууны дараа Батмөнх даян хаан давтсан нь хойч үеийн Монгол хүний мах цусанд үлдсэн хүлээлт байсныг романд харуулсан нь уншигчдын зүрх сэтгэлд хүрч байна.
Ном сургаал үг хэлээр айлдавч, эвээр нэгдэж чадахгүй явсан бурангуй түүхэн үед эмээлт хүлгийн хурц туурайгаар хүрэх газраа хүрч ирт сэлэм барьж, ярихаас өөрөөр хэлэх аргагүй үед алтан ургаас өргөмжлөгдөж долоон насандаа Батмөнх, даян хаан[1470] болсон нь романы агуулга аж.
Батмөнх хаан, Мандухай хатан нар бутарсан улсыг захаас нь хумьж, задарсныг нь номхотгоогүй бол өдгөөгийн Монгол ч тогтворжихгүй байв. Хэсэг бусаар олон хуваагдаж “Бар, баавгайд” бариулж дуусах байв. Их улсын хагас ч болов ингэж үлдсэн нь хожмоо Чингис хааны болон алтан ургийн удмыг таслалгүй залгаж өгсөн түүхэн хүн бол Батмөнх даян хаан юм.
“Түүх бол их сургамж, бас багш” аж. Түүх сэрэх, сэтгэх, мөн сэрэмж өгнө.
Даяар Монголын хэмжээнд “Монголын нууц товчоо[1228-40]” ном үлдсэнээрээ гуйвуулга, дайруулга басамжлалаас биднийг болон үндэстнийг зугтаалгаж бас хамгаалж чадсан шигээр ойлгодог шиг Батмөнх тийм “Хөгийн хүнд байдлыг 14-15 зууны Монголын амьдралаас зайлуулж чадсан” түүхэн үнэ цэнийг бид уран зохиолоор төгс төгөлдөр харуулж ном бүтээх учиртай. Роман цувран хэвлэгдэж их хаадыг уншуулж байна. Тэдгээрээс ажиглавал, баримт уран сайхны харьцааг эн тэнцүүлсэн гэж хэлж болохуйц хоёр жилийн өмнө сургаар сонсгож явсан “Батмөнх даян хаан” УБ.2023 гурвалсан романы тэргүүн боть бүтээлээ утга зохиолын шүүмжлэгч МУ-ын СГЗ Данзанноровын Хүү уншигчдад хүргэлээ.
“Баривчны дайтай хүүхдийн зохиолууд дунд нь Д.Хүүгийн энэ роман ялгарч, хязгааргүй том сэдэв болох нь ажиглагдаж байна” Д.Хүүг уншихийн өмнөхөн юм даа. Романаа байг, бас больё, ядаж нэг тууж бичих сэн гэж би, дотроо олон жилээр бодож явсан минь үнэн юм. Говийн хүний хувьд ч бус, миний өндөр дээд өвөг нагац нар болон удмын хүмүүс яахын аргагүй Батмөнх даян хааны уг угшлын гэдэг нь аман яриа, таамаг цуурхлын зүйл биш чин үнэн түүхэлсэн “Алтан хуудсанд” баримт болж үлдсэн нь байдаг учраас юм. Иймээс Д.Хүүгийн хүссэнээр “Батмөнх даян хаан.УБ.2023” романтай ажиллав. Уншсан хэн боловч Д.Хүүгийн романаас өөрийн угсаа гарвал, хошуу нутгаа бодоход хүргэм сэтгэгдэл төрөхөөр бичжээ.
Миний ижийн аав Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны “Ерөнхий” хэмээх бичээч, дөтгөөр тайж Мэндбаярын Цэдэв юм. Цэдэв тайжийн аав Цэвэгжавын Мэндбаяр бол мөн хошуу ноёны удаах алба, туслагч хэргэмт жинхэнэ цагаан ясны тайж байв. Даян хааны удмын 12 дахь үе буюу Жалайр хун тайжийнхны хойчис, удамт дээдсийн ургийн мод, уг шагд” Мэндбаяр зурагдсан нь улсын төв архивт бий. Д.Хүүгийн романд байгаа, “Алтан ургийг устгаж Халхын ноёдын сүүл тасарлаа гэсэн ойлголтыг тараах зорилготой гэх дүрслэл[81т]”-д 14 зууны үеийн “Батмөнхийг эрж олох биш, алж устгахын төлөө тэмцэлдэж байсан тэр ээдрээт цаг” 20 зууны 1937 онд шинэ Монгол улсад давтагдаж, цагаан ястан тайж нарыг хэлмэгдүүлж хүйс тэмтэрч дуусгасан. Батмөнхийн яг, яс түүх намтар бичвэрт хараахан байхгүй аман домгоор дамжиж уламжлан иржээ. Их даян хаан Батмөнхийн өлгий нутаг бол яахын аргагүй одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сум мөнөөсөө мөн юм. Том хааныг өлгийдсөн нутаг ус нь бахархахаас аргагүй. Бахархалд “Цучил” нэмэрлэсэн Д.Хүү бол багш, зохиол судлаач, урд эртний түүхийн мэдлэг тэгш хүн.
1-р ботид Батмөнх даян хааны дүрийн танин мэдэхүйн дүрслэл нь долоон насны үеийг чамбай өгүүлж, өнөөгийн уншигчдад хүргэжээ. Их зүтгэл чармайлтыг, хэцүү бэрхшээлтэй талаас нь харж, хэлэх баримт бол, 7 настай хүүхдэд 314 хуудас гаргаж бичнэ гэдэг хэцүү. Дашрамд тэмдэглэхэд, романы түүхийн зөвлөх түүхч /түүхлээч/ Б.Балжинням “Дэлхийн Монголчуудын түүх.УБ.2015он” цуврал[9] ботийг хэр баргийн номын чадалтан ард нь гарахааргүйг харуулж бүтээсэн гавьяатай хүн. Үүнийг бичигч, миний бие 1980-аад онд Өмнөговь аймагдхи “Үнэн сонин”-ы тусгай сурвалжлагчаар ажиллаж байхад МУ-ын СГЗ Д.Хүүгийн нэгэн адил, надтай номын нөхөд болцгоосон Ж.Аварзэд, багш Ж.Мажаа, Д.Цэрэндаваа нарын өмнийн говь нутгийн олон сэхээтнүүдтэй Батмөнх даян сэцэн хааны талаар ярилцаж явсныг энэ роман надад эргэн санууллаа. Их говийнхон хааныхаа талаар нэг санаатай явдаг юм байна.
“Батмөнх даян хаан” гурамсан романы эхний ботийн редактор миний бие, даян хааны зөвхөн долоон настай хүүхэд үеийн түүхэн явдлын эргэн тойрондхыг уншлаа. Магадгүй сүүл үе буюу, 21 зууны эхний хориод жилд хүүхдэд зориулсан эхний роман[томхон] болж байх шиг. Дараагийн дэвтрүүдээс Батмөнх даян хааны бүхий л амьдрал ил болно. Д.Хүү бичиг номын хүмүүн тулдаа уншигчдад хүлээгдэж байгаа, хаан түүхийн болон уран сайхны мэдрэмжээр эргэн тойрны үйл явдал, цаг төрийн байдал, цээл их говийн Хүрмэн нутгийн газар усны болон хүмүүсийн дүр дүрслэлийг чамбай гаргажээ. Мандухай сэцэн хатны амьдрал, үйл хэрэг дүүрч бүрэн бүтнээр тодорч эхэллээ. Үүгээрээ бол Хасарын удам угсаа, Халх Ойрадын хоорондын зөрчил, эмгэнэлт болоод гайхамшигт үйл явдал харагдаж, их Монгол улсыг нэгдмэл захиргаанд албадан оруулсан түүхэн гавьяа үйлсийг 20 зууны шилдэг кино бүтээл “Мандухай сэцэн хатан[Ш.Нацагдорж]”-ы өнгө дэвсгэр, хэллэгээс арай өвөрмөцөөр харуулан дүрслэх гэсэн “Хүнд хөдөлмөрийг” уншигчдын оюун сэтгэлгээ, мэдрэмж тосон хүлээж байсан байна. Романы эхний боть нь дараа, дараагийн ботийг дүрслэх үндэс суурийг тун аятайхан тавьсныг тэмдэглэе.
Энэ роман баримт, уран сайхныг сүлэлдүүлсэн эн цараа өргөн, тов тод дүрслэлтэй, бичлэг энгийн танин мэдэхүйн исээ хэлбэрийн бичлэгээрээ Монгол уран зохиолын хувьд анхдагч бүтээл гэж болно.
Хааны балчир бага насыг намтарчлан харуулсан зохиол болохоор хамаагүй “Халж, хадуурч” болохгүй, бас чиг нэг хүрээнд баригдаж ч бас болохгүй гэдгээ ойлгомжтой харуулсан бичлэгийг нь үнэлүүштэй болжээ. Батмөнх даян сэцэн хаан бол Мандуул авга болоод Баянмөнх эцгээс өнчрөн хоцорсон Тангудад “булаалгаснаас” айдас хүйдэс, сэтгэл санаашралаар бэтэг өвчтэй болсон тухай домогт өгүүлдэг. Домог шаштирт "Төмөрхадаг болон эхнэр Саахай нар есөн цагаан тэмээний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аяга цоортол илэн өвчнийг нь эдгээсэн” хэмээн өгүүлдэг. Тэр хатуу, хүнд явдлыг ч романд тун эвтэйхэн тусгаж[1464-1482] харуулсан байна.
Романы дүрийг “Гурамслан” тэгш сайхнаар харуулахад, “Чөмөг дундлан, чөдөр таслахуйц” гүйх ухаан Д.Хүү таныг, өмнөөс тань тосож байна. Та романаа гүйцээн уншигч олноо барьсан энэ өдрүүд, гэгээн саруулаар гийж, илүү сайхнаар бүрдэн бүтэж[1482-1517он] “Даян бүгдийн” таалалд хүрэх болтугай. Даяар Монголдоо цуутай даян сэцэн их хаан эцэг дээдэс Батмөнх таныхаа өлмий дор мөргөн залбирч, бишрэн сүсэглэе.
17 жарны усан бар жилийн өвлийн адаг харагчин үхэр сарын 20-ны өдөр, сугар гараг /2023.02.09/
Олон улсын мэдээллийн аюулгүй байдал
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Yamr goe bichee bee