Олон улсын эрүүгийн шүүх Путинд хариуцлага тооцож чадах уу?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах захирамж гаргасан. Түүнийг Украинаас хууль бусаар хүүхдүүд гаргасан хэрэгт сэжиглэж байгаа ба үүнийг НҮБ-ын мөрдөн шалгах комисс цэргийн гэмт хэрэг хэмээн үзэж байна. Энэхүү захирамж гарснаар Оросын Ерөнхийлөгч ямар эрсдэл хүлээж байгаа талаар Копенхагены их сургуулийн олон улсын эрх зүйн шинжээч Глеб Богуш, Кевин Йон Хеллер нар ВВС агентлагт ярьжээ.

Путиныг баривчлах захирамж Оросын төрийн тэргүүний халдашгүй байдалтай хэрхэн нийцэх вэ?

Эрх зүйн хувьд Олон улсын эрүүгийн шүүхэд түүнийг баривчлах захирамж гаргахад ямар нэгэн саад байхгүй. Олон улсын эрүүгийн шүүхийн /ОУЭШ/ гишүүн орнууд захирамжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэв Путин эдгээр улсын хилээр орвол тэд шүүхэд шилжүүлэх үүрэгтэй. Гэвч хууль эрх зүйн байдал нэг өөр, улс орнуудын үйлдэл нэг өөр байдаг хэмээн шинжээчид онцолжээ.

ОУЭШ-ийн байр суурийг Суданы Ерөнхийлөгч асан Омар аль Баширын хэргээр давж заалдах шатны шүүхийн гаргаж байсан шийдвэрт өмнө нь илэрхийлсэн байдаг. Омар аль Баширын олон хүний аминд хүрсэн хэргээр шийдвэр гаргаж байсан. Энд зааснаар, төрийн тэргүүний халдашгүй байдал олон улсын шүүхийн өмнө үйлчилдэггүй ба улс хоорондын хамтын ажиллагааны асуудлыг тухайн улсууд өөрсдөө шийдэх ёстой.

Харин улс хоорондын харилцааны хүрээнд төрийн тэргүүн хувийн халдашгүй эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн төрийн тэргүүнийг албан тушаалаа хашиж байгаа үед бусад улс орон баривчлах эрхгүй. Тиймээс энэ нь хэзээд цаг хугацааны асуудал байдаг.

ОУЭШ-ийн шийдвэрийг одоо хэрэгжүүлэх бараг боломжгүй хэмээн шинжээчид үзэж байна. Хэрэв тухайн төрийн тэргүүн нэг талаас ОУЭШ-ийн өмнө үүрэг хүлээсэн, нөгөө талаар халдашгүй байдалтай холбоотой үүрэг хүлээсэн улс оронд очвол тухайн улсын эрх баригчид хэрхэх ёстой вэ? Энэ асуултын эцсийн хариулт байдаггүй. ОУЭШ баривчлах захирамж гаргаж байсан ч албан тушаалаа хашиж байгаа төрийн тэргүүнийг шилжүүлэн өгч байсан тохиолдол практикт гарч байгаагүй. Гэхдээ сэжигтнүүд сайн дураар ОУЭШ-д ирж байсан хоёр тохиолдол бий. Тэд бол Кенийн Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар байв.

Тиймээс Путинд бусад сэжигтнүүдийн адил сайн дураар тус шүүхэд очих боломж бий. Хэрэв Путин ОУЭШ-ийн гишүүн улсад болж буй олон улсын уулзалтад очвол түүнийг баривчлах боломжтой эсэхийн тухайн улс л шийднэ. ОУЭШ-ийг хүлээн зөвшөөрдөг Ромын дүрмийн гишүүн орнууд тус шүүхийн захирамжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Гэтэл ОУЭШ-д өөрт нь захирамжийг нь хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхийг шаардах ямар нэгэн эрх, хөшүүрэг байдаггүй.

Арван жилийн өмнө ОУЭШ Суданы тухайн үеийн ерөнхийлөгч Омар аль Баширыг баривчлах захирамж гаргасны дараа тэрбээр олон улсын арга хэмжээнүүдэд, тэр дундаа Ромын дүрмийн гишүүн орнуудад болсон уулзалтуудад оролцсоор байсан. Түүнийг хэн ч баривчлаагүй л байна.

Путиныг мөн баривчлахгүй нь ойлгомжтой. Тэр мөн ийм үүрэг хүлээсэн улс руу очихгүй нь тодорхой. Гэвч олон улсын эрх зүйн дагуу Ромын дүрмийн гишүүн орнууд ОУЭШ-тэй хамтран ажиллах ёстой байдаг. Гэхдээ Путинд эрсдэл бий. Орос улс Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгвэл тус орны төлөөлөгчид хариуцлага тооцох боломж бий юу. Путины хувьд гэмт хэрэг Украины нутаг дэвсгэрт үйлдэгдсэн тул Украин шүүн таслах эрхээ олон улсын шүүхэд шилжүүлсэн. Үүний тулд Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон байх ч хэрэггүй.

Тэгвэл тус захирамжийг гаргах ямар хэрэг байв?

ОУЭШ-ийн энэхүү шийдвэрийн ач холбогдол нь Путиныг яллагдагчийн суудалд суулгахад бус бэлэг тэмдгийн шинж чанарт оршиж байна гэж Хеллер онцолжээ.

Путиныг саатуулах боломж ойрын үед туйлын бүрхэг. Тэрбээр гадаад улс оронд айлчлахдаа түүнийг хэзээ ч олон улсын шүүхэд өгөхгүй “найрсаг” улсуудад айлчилна. Гэхдээ түүний гадаад аялал одоогоос илүү хүндрэлтэй болно.

Төрийн тэргүүнийг баривчлах захирамж гаргах нь зоригтой алхам. Энэ алхам өөрийн гэсэн үр дагавартай. Халдашгүй байдлыг шийтгэлгүй үлдэх боломж хэмээн харж болохгүй. Халдашгүй байдал, ОУЭШ-ийн эрх мэдэлтэй холбоотой процессын зөрчил байдаг. Гэхдээ олон улсын гэмт хэргийг дэлхийн дахинд хориглосон байдаг. Олон улсын шүүх хүн төрөлхтний төлөөлөгчийн хувиар энэхүү дэд бүтцийг ашиглан суурь хэм хэмжээг зөрчсөн этгээдүүдийг ялладаг. Халдашгүй байдал хариуцлагаас чөлөөлөхгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eh oron(66.181.160.36) 2023 оны 03 сарын 21

Yasan gej eh oron ard tumnee ireeduin ih daramt shahaltaas hamgaalsan gejuu NATO -giin hil hyzgaariig gazar nutagtaa tulguulan bairluulaagui gejuu delhii dayar tsua nulims uns nuram uhel hagtsal chirdeg amerkiig eserguutslee gejuu putin bol undesniihee baatar delhii dahnii tentsveriig hamgaalj baigaa hun yum bishuu manai mongold ardchilalaar soliorson amerkiin hulsnii tagnuulch ih buteen baiguulalt Mongol zan zanshil yos zui shudarga yosiig ustgaj eh oron ard tumneesee uravsan elbegdorjimiin \n ardchilsan hulgaichuud uhen hatan amerkiig demjeed baigaa muusain hun durst araatnuud

2  |  1
Top