Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Себастиан Сүрүнтэй уулзаж, соёлын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд, Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох уран бүтээлчдээ дэмжиж, соёлын бүтээлч үйлвэрлэлийг хөгжүүлэх үүднээс “Каннын олон улсын кино наадам”-д тогтмол оролцох тухай тогтоол баталсан талаар хэллээ. Тогтоолын дагуу өнгөрсөн оны тавдугаар сард Монголын кино уран бүтээлчид тус наадамд оролцоход дэмжлэг үзүүлсэн ноён Элчин сайд Себастиан Сүрүнд талархал илэрхийлэв.
Мөн Соёлын сайд салбартаа шинээр болон шинэчлэгдэн гарсан Соёлын тухай, Кино урлагийг дэмжих тухай, Музейн тухай зэрэг хууль тогтоомжуудын талаар танилцуулж, хуулийн хүрээнд шинээр бий болсон боломжид тулгуурлан салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
Тухайлбал, соёлын тухай хууль тогтоомжид хүүхэд, багачуудад соёлын боловсрол олгох, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлууд тусгагдсан бөгөөд энэ тал дээр Франц улстай “Соёлын ваучер”-ын тогтолцоог хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй буйгаа уламжиллаа. Энэ нь залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, урлаг уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох хөтөлбөр бөгөөд Франц улс энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлдэг улс юм.
Уулзалтын төгсгөлд, энэ оны аравдугаар сараас ирэх оны тавдугаар сарын хооронд Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын Түүхийн музейтэй хамтран гаргах Монголын түүх, соёлын өв, ёс заншлыг харуулсан үзэсгэлэнг дэмжиж, хамтран ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )