3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ Сингапурт үргэлжилж байна. Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын эмэгтэй, эрэгтэй шигшээ баг хэсгээ тэргүүлж, шөвгийн наймд өрсөлдөх болзлоо хангалаа.
Тодруулбал, өчигдөр /2023.04.01/ Монголын эмэгтэйчүүдийн шигшээ хэсгийн сүүлийн тоглолтоо Малайзын эсрэг хийлээ.
Хожсон нь хэсгээс хоёроор шалгарч, хожигдсон нь хасагдах маш хариуцлагатай энэхүү тоглолтод манай охид 21:8-аар итгэл төгс ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарав.
Б.Ариунцэцэг 9 оноо, 6 самбар авч багаа тэргүүлсэн бол М.Цэрэнлхам 8 оноо, 6 самбар, О.Хулан 4 оноо авсан юм.
Өмнөх тоглолтод шагайгаа эвгүй гишгэн талбайг орхисон Ц.Болорцэцэгийн гэмтэл гайгүй байж тоглолтод оролцсон нь манай багийн хувьд сайн мэдээ байв.
Монголын шигшээ маргааш 13:45 цагаас шөвгийн наймд дэлхийн аварга, олимпын хүрэл медальт БНХАУ-ын хүчтэй багийн эсрэг тоглох болно.
Харин Монголын эрэгтэй шигшээ Сингапурыг 22:9-өөр итгэл төгс хожсоноор хэсгээ тэргүүлж, шөвгийн наймд өрсөлдөх болзлоо хангав.
Манай шигшээ тоглолтыг тун эрчтэй эхлүүлж, 13:0 гэсэн давамгайллыг бий болгосон. Улмаар энэ давуу талаа хадгалсаар ээлжит хожлоо байгуулав. Э.Дөлгөөн 7 оноогоор багаа тэргүүлсэн бол Д.Дэлгэрням 6 оноо, 8 самбар авсан юм. Мөн А.Ананд 5, О.Энхбаатар 4 оноо авч, багаараа тун жигд тоглолоо. Монголын шигшээ өнөөдөр шөвгийн 8-д Казахстаны эсрэг хүч сорих болно.
Сэтгэгдэл ( 0 )