Шатрын УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2023 оны 04 сарын 02

2023 оны Монгол Улсын шатрын аварга шалгаруулах хөвгүүдийн 54, охидын 48 дахь удаагийн шигшээ тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

2023 оны өсвөрийн шатарчдын Монгол улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн өчигдөр /2023.04.01/ Монгени цогцолбор сургуулийн байранд амжилттай эхэлсэн.

Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 28 академи клубын 780 тамирчин 7 насны 14 ангилалд 14 багц 42 медалийн төлөө өрсөлдөж байна.

Тэмцээнийг Монголын шатрын холбоо Монголын шатрын холбооны дэргэдэх эцэг эхийн зөвлөл,Шатрын зүүн бүсийн холбоодын удирдлага баг хамт олонтой хамтран зохион байгуулж байна. Тэмцээний даргаар Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж, тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар эцэг эхчүүдийн зөвлөлийн дарга Б.Баттулга, Монголын шатрын холбооны хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэ-очир, тэмцээний ерөнхий шүүгч олон улсын шатрын холбооны глобал бодлого хариуцсан зөвлөлийн гишүүн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч,улсын шүүгч А.Энхтуулаар ахлуулсан 24 шүүгч ажиллаж байна.

Тэмцээний хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаар Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Харуулбаатар ажиллаж байна. Тэмцээний дэмжигч байгууллагаар Барилга, сантехник угсралтын "Баткомплект" ХХК оролцож байгаа.

Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний эхний гурван байрыг эзэлсэн тамирчдад Их британийн "London chess" академиас гарын бэлэг гардуулахаар болсон. Мөн Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар ангилал болгоны алтан медаль хүртсэн тамирчдын 14 дасгалжуулагч нарт мөнгөн урамшуулал олгодог уламжлал өнгөрсөн жилийн улсын аваргын тэмцээнээс эхэлж хэрэгжиж эхэлсэн. Энэ жил мөн энэхүү шагнал уламжлал болон олгогдох ба мөн нэмээд шилдэг 2 шүүгч,тэмцээний зохион байгуулах комиссын 1 ажилтаныг мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаар шийдвэрлэсэн.

Тэмцээн 2023 оны 04-р сарын 01-05-ны хооронд Монгени цогцолбор сургуулийн байранд зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top