Тайлж дуусахгүй ертөнцийн юмс үзэгдэл дундуур

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

Ертөнцийн юмс үзэгдэл, оршин буй бүхэн мөнхөд ийм байсан мэт сүндэрлэх авч үгүй биз ээ. Үлгэр домогт хүртэл “Сүн далайг шалбааг байхад сүмбэр уулыг дов байхад” хэмээн гардаг даа. Тиймдээ ч говь тал нутгаа хөндлөн гулд туулж явахдаа байнга энэ тухай бодно.

Нутгийн тал цайвалзах авч уул байгаад нүүгээд явчихсан мэт харагдана. Тэнд ус байгаад урсаад одсон мэт тойрмууд бий. Тийм байсан гэдэгт ч итгэнэ. Итгэхгүй байхын ч аргагүй бодьгал тэнд оршино. Үнэхээр л мод байгаад нүүгээд явчихсан мэт талд мойл байгаад түүгээд хоосолчихсон мэт хармаг ургаддаггүй жил ч бий. Далай байгаад ширгэсэн мэт талд дууль байгаад жаргасан мэт өөгүй цагаан чулуу бий.

Магадгүй тэнгэр шүргэсэн оргил байгаад хөрсөндөө шингэсэн мэт талд түмэндээ сөгдөж ургасан намхан намхан хайрхан бий. Өндөр өндөр цагаан хус байгаад одсон мэт талд өргөн хорвоог чимэж ургасан алтан харгана бий. Догшин гол мөрөн байгаад татагдсан мэт талд дэлхийн зүрхийг тэтгэж урссан хүйтэн булаг бий. Энэ л ертөнцийн учир шалтгааныг нь тийм ч амар тайлчихгүй нууц хэчнээн байгааг өдгөө бид хэрхэн мэдэх билээ. Их уулсын сүр бараан дор давхиж явахдаа ч эрт нэгэн цагт нүцгэн тал байгаад хожим уул ургаж үүл эеэлдсэн байж мэднэ. Эрт цагт алтан харгана байгаад өндөр өдөр мод болж ургасан байхыг үгүйсгэхгүй.

Байгаль дэлхийдээ дасан зохицон амьдарч ирсэн хүн зон ч нэгэн цагт ямархан амьтан байсныг таах аргагүй. Эртний сурвалж бичигт хүртэл “Чингис хааны язгуур дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино ажгуу. Гэргий нь Гоомарал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан Халдунд нутаглаж” хэмээсэн байдаг даа. Үүнийг ч эрдэмэтд өнөөдрийг хүртэл олон янзаар тайлж таамаглдаж ирсэн түүхтэй. Хүний нээж таниагүй олон шалтгаан дунд амьдарч байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Багш(103.57.93.144) 2023 оны 04 сарын 04

тайлж дуусаагүй гэнэ ээ ямар хувцас\nтайлах тухайд биш дээ , ядаж тайлагдашгүй эсвэл таагдашгүй ч гэх юм уу Монгол үгийн сан баялаг шүү дээ.

0  |  0
Top