Гангийн үйлдвэрлэлийн улирлын төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь жилдээ 2.4 сая тонн орчим төмрийн хүдрийн баяжмал, 108.7 мянган тонн бэлдэц, 100.0 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм.

Ган цувимал бүтээгдэхүүний хувьд D13-D32 мм-ийн хөндлөн огтлолтой арматур, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ган бөөрөнцгийн цехийн үндсэн түүхий эд болох R80, R40 мм гөлгөр ган туйванг тус тус үйлдвэрлэдэг.

Металлыг даралтаар боловсруулан, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг тус компанийн гангийн үйлдвэрлэл нь  зах зээл дээрх хаягдал төмрийн хомсдол, түүхий эд материалын нөөц бүрдүүлэлтийн асуудлаас шалтгаалан үйл ажиллагаа нь доголдоход хүрээд байв.

 

 

Тиймээс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн менежментийн баг хаягдал төмөр болон түүхий эд материалын нөөц бүрдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж, шуурхай ажлын хэсэг гарган ажиллуулсан юм. Үүний  үр дүнд нөөц бүрдүүлэлт харьцангуй сайжирч гангийн үйлдвэрлэл тогтворжлоо.

 

 

Энэ оны эхний гурван сарын байдлаар зорилтот 9000 тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс 9250,8 тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж төлөвлөгөөгөө 102.7 хувиар биелүүллээ. Үйлдвэрлэсэн нийт цувимал бүтээгдэхүүний 5462,8 тонн нь арматур, 3788 тонн нь гөлгөр ган туйван байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top