2020 онд УИХ-ын чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчин нь шинээр Барилга-инженерийн, Кибер аюулгүй байдлын болон Тусгай хүчний цэрэгтэй байхаар хуульчлан тэдгээрийн цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.
Энэ нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалахын багц хуулиудад туссан мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох стратегийн зорилттой салшгүй холбоотой.
Тэгвэл тус бодлого, зорилтын үргэлжлэл болж Барилга-инженер, экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчний 342 дугаар анги Архангай аймагт байгуулагдан ангийн бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол Улсын Зэвсэгт хүчин отгон ангиа хүлээн авлаа. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн нэг хэсэг болон уялдах юм.
Ангийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон бусад албаныхан, Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, нутгийн иргэдийн төлөөлөл оролцов.
Зэвсэгт хүчний 342 дугаар ангийг байгуулах шийдвэр анх 2015 онд гарсан. Энэ хугацаанд тус анги тогтсон байршил, барилга байгууламжгүй ч Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн бүтээн байгуулалтад оролцож ирсэн. Улмаар 2021 онд ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн бүтэц, орон тоог баталж, албан тушаалтнуудыг томилон ажиллуулж, энэ онд тодорхой хөрөнгийн асуудлыг шийдвэрлэснээр ангийн бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж байна.
Тодруулбал, 2018 оноос эхлэн Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 17,5 км хүнд даацын тусгай зориулалтын авто зам барихаар Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн бүрэлдэхүүнд багтан үүрэг гүйцэтгэсэн. Мөн тус анги Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1, Зүүнбаян-Ханги чиглэлийн 204 км төмөр замын ажилд оролцон оногдсон үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Цаашлаад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг хүлээлгэн өгөх, “Богдхан” төмөр замын цогцолбор төслийн ажилд хэдийнэ ханцуй шамлан ороод байна.
Шинэхэн ангийн хотхоныг Зэвсэгт хүчний хэмжээнд хэрэгжүүлж байгаа “Жишиг хотхон”-ны стандартын дагуу ангийн байрлал, тавиулан, үйлдвэрлэлийн район, албан тушаалтнуудын орон сууцны хотхон гэсэн үндсэн байгууламжтайгаар барихаар төлөвлөсөн. Харин өнөөдрийн байдлаар төв шалган болон техник шалган нэвтрүүлэх байр, 1948 метрийн урттай гадна хашаа, гүний худаг гаргах зэрэг ажлыг бүрэн хийж дуусгасан бол энэ ондоо багтааж цэргийн байр, цэргийн гал тогоо, уурын зуухны барилга угсралтын ажил болон гадна цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
Иргэдийн дунд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний талаар эндүү ташаа ойлголт их байдаг. Үүний нэг жишээ нь, татвар төлөгчдийн хөрөнгөөр энхийн цагт ямар ч хэрэгцээгүй цэргийн анги, байгууллага байгуулж байна гэх “хардлага”. Гэвч үнэн хэрэгтээ цэргийн анги, байгууллага гэдэг болзошгүй цаг үед улс орон, ард иргэдээ батлан хамгаалаад зогсохгүй энх цагт улс орны томоохон бүтээн байгуулалтуудад гар бие оролцох, нийслэл, орон нутагтай хамтран ажиллах талаар хэр их үр өгөөжтэй, уялдаа хамааралтай байдгийг зарим иргэд төдийлөн анзаардаггүй.
Архангай аймагт Зэвсэгт хүчний анги байгуулагдаж байгаа нь улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд газар зүйн байршлын хувьд стратегийн чухал ач холбогдолтой бааз суурь болохоос гадна аймаг орон нутгийн төдийгүй төвийн бүсийн хөгжлийн зорилтыг хангахад чухал нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн орон нутгийг дэмжих төр, засгийн бодлого, зорилт биелэгдэх, алба хаагчдын ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, орон нутагт ажлын байр шинээр бий болох, хүний нөөцөө аймаг, орон нутгаасаа бүрдүүлэх, тэднийг сургаж хөгжүүлэх, амьжиргаа, орлого нэмэгдэх, улмаар орон нутгийн хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтад оролцох зэрэг бүхий л талын чухал ач холбогдолтой гэдгийг салбарын сайд энэ үеэр онцолж байсан юм.
АРХАНГАЙ АЙМАГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ БАЙГУУЛАГДАЖ БАЙГАА НЬ ОЛОН ТАЛЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:
-Архангай аймагт Барилга-инженер, экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах цэргийн анги байгуулагдаж сууриа тавилаа. Энэ бол Засгийн газрын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдчихсан, улс орны стратегийн чухал чиглэл, түшиц газарт барилга-инженер, экологи, байгаль хамгаалах тусгай ангийг байгуулж буй явдал юм. Тус анги нь өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд улс орны томоохон бүтээн байгуулалтад оролцож ирсэн учир алба хаагчдын хувьд ажлын дадлага туршлагатай мэргэжлийн хүмүүс гэсэн үг.
Гагцхүү тус ангийн хүний нөөцийг бүрдүүлэх асуудал үлдэж байна. Энэ ч үүднээс аймаг, орон нутгаасаа барилга-инженерийн чиглэлээр сонгон шалгаруулалт зарлаж, хөдөлмөрийн биржтэй хамтран ажлын байрны зар түгээхэд 180 гаруй мэргэжилтэн, ажилтны захиалга ирсэн. Үүнээс эхний ээлжид зөвхөн орон нутгаасаа 40 орчин хүнийг ажлын байраар хангасан байна. Иймээс ойрын хугацаанд тус анги нь бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой. Ангийн бүтээн байгуулалтыг ангийн бие бүрэлдэхүүн өөрсдөө өрнүүлэхээс гадна Барилга-инженерийн 017 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Цаашлаад орон нутгийн хөгжилд тус анги тодорхой хувь нэмэр оруулна. Мөн улс орны хөгжлийн стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд үргэлжлүүлэн оролцоно. Дээрээс нь шинээр төлөвлөгдөж буй босоо болон хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгдөж байгаатай холбогдуулан тус ангийг татан оролцуулахаар яригдаж байна.
Ийнхүү Архангай аймагт Зэвсэгт хүчний отгон анги байгуулагдаж байгаа нь олон талын ач холбогдолтой, чухал үйл явдал болж байна. Зэвсэгт хүчний анги, салбаруудыг нэмж байгаа нь улс орныхоо том эрх ашгийн үүднээс, цаашлаад эх орон ард түмнээ батлан хамгаалах асуудалтай уялдана. Энэ бол ганц манай оронд бус дэлхий нийтэд тулгамдаж буй зүйл. Ялангуяа ойрын жилүүдэд дэлхийн улс орнуудын дунд хувирал өөрчлөлт ихтэй, аюулгүй байдлын асуудлууд алхам тутамд урган гарч байна. Улс болгон батлан хамгаалах салбараа бэхжүүлэх талаар төрийн бодлого гаргаж байна. Томоохон гүрнүүд батлан хамгаалах бодлогоо шинэчилж энэ салбарын төсвөө үлэмж хэмжээгээр нэмж байгаа. Манай орон өргөн уудам газар нутагтай ч Зэвсэгт хүчний хувьд цомхон. Өөрийгөө хамгаалах статусыг нь бүрэн хэрэгжүүлэх, улс орныхоо аюулгүй байдлыг хангуулахын тулд бид энэ салбараа улам бүр бэхжүүлэх ёстой. Ганцхан хэрэгцээтэй үедээ эх орноо хамгаална гэх бус тайван цагт ч гүйцэтгэх үүргээ нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тайван цагийн үүргээрээ Зэвсэгт хүчин нь улс орны хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх юм. Өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд 1000-аад километр төмөр замын суурь болон дээд бүтцийн ажлуудыг монгол инженер, техникийн ажилтнууд хийж гүйцэтгэсэн. Үүний дотор Барилга-инженерийн цэргүүд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр байгуулагдсан Зэвсэгт хүчний анги эргээд татвар төлөгчдийнхөө үндсэн эрх ашигт хувь нэмэр оруулж байгаагийн тод жишээ юм.
Цаашид БХЯ, ЗХЖШ-аас тус ангийг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа явуулах төсөв, санхүүгийн болоод бусад орчин нөхцөлийг бий болгох, хүний нөөцийг бэлтгэх, зэвсэг, цэргийн техник, материал хэрэгслээр хангах зэрэг асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэн, дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Мөн Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн офицер, ахлагчийн албан тушаалд нутгийн иргэдийг сонгон шалгаруулж авах, туршилтын хугацаанд ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг Үндэсний батлан хамгаалахын их сургуульд цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгож, албан үүрэгт нь сургах, бие бялдар, сэтгэл зүйн хувьд бэлтгэх сургалтыг зохион байгуулна.
ТУС АНГИ ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ЖИНТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:
-Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн батлан хамгаалах салбарын удирдлагууд, архангайчууд, мөн шинээр байгуулагдаж буй цэргийн ангийн удирдлага, офицер, ахлагч нар та бүхэнд хаврын дунд сарын билигт сайн өдрийн мэндийг дэвшүүлье.
Энэ жил Архангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойн босгон дээр арын сайхан хангай нутагт, тэр тусмаа манай орны анхны маршал, өрлөг жанжин Г.Дэмидийн өлгий нутагт барилга-инженер, экологийн чиглэлийн цэргийн анги байгуулагдаж байгаад туйлын их баяртай байна. Сүүлийн жилүүдэд цэргийн алба хаагчид улс орны томоохон бүтээн байгуулалтад оролцох нэр хүндтэй үүргийг биелүүлж байна. Энэ ч үүднээс УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа нийт барилгачин дайчдадаа чин сэтгэлийн талархлыг дэвшүүлье.
Өнөөдөр шинээр байгуулагдаж буй тус анги орон нутгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Монгол Улс цэцэглэн хөгжих болтугай.
ОРОН НУТГИЙН УДИРДЛАГААС ЦЭРГИЙН АНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛОН ЦААШДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, АЖИЛ ЯВУУЛАХ ТААТАЙ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид
-Арын сайхан хангай нутагт маань цэргийн анги байгуулагдаж бүтээн байгуулалтын том ажлаа эхлүүлж байгаа нь нутгийн удирдлагууд, ард иргэдийн хувьд баярт мөч юм. Тус цэргийн анги манай нутагт байгуулагдсанаар ард иргэдийг ажлын байраар хангах боломж нөхцөл бүрдэж байна. Цаашлаад энэ нутагт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн маань орлого нэмэгдэх боломжтой. Мөн манай нутгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын үйл ажиллагаа бэхжих, үүний үр дүнд Архангай аймгийн батлан хамгаалах болон аюулгүй байдлын чиглэлийн үндсэн үйл ажиллагаа илүү сайжирна хэмээн харж байна. Өнөөдөр тус анги байгуулагдах шийдвэрийг гаргасан батлан хамгаалах салбарын удирдлагуудад нутгийн ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Орон нутгийн удирдлагаас цэргийн ангийн бүтээн байгуулалт болон цаашдын үйл ажиллагаа, ажил явуулах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай бодлого, шийдвэр гаргахад дэмжиж ажиллахаа илэрхийлье. Ирэх намар гэхэд л анхныхаа хугацаат цэргийн алба хаагчдаа хүлээн авна. Та бүхний ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
БИДЭНД ХҮЛЭЭЛГЭСЭН ЭНЭ ИХ ИТГЭЛИЙГ ХӨДӨЛМӨР, ЗҮТГЭЛЭЭРЭЭ ХАРИУЛАХ БОЛНО
Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн захирагч дэд хурандаа Д.Зоригтсайхан:
-Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчинд 342 гэдэг нэгэн шинэ анги, Монгол Улсынхаа зүрх нь болсон энэ нутагт үйл ажиллагаагаа эхлүүлэх болсон явдалд мөн ангийн захирагч хэмээх албан тушаалд томилогдон үг хэлж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, УИХ-ын гишүүд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга, Зэвсэгт хүчний БИЦУГ-ын удирдлага, Архангай аймгийн Засаг дарга болон нийт офицер, ахлагч, ажилтан албан хаагчид та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Улсыг хөгжүүлэх, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах тухай Батлан хамгаалахын сайдын А/179 дүгээр тушаал гарч Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 17,5 км хүнд даацын тусгай зориулалтын авто зам барих Зэвсэгт хүчний 7780 дугаар түр ангийг байгуулсан.
ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн эрхийг Зэвсэгт хүчний 342 дугаар ангид шилжүүлснээр манай ангийн эхлэл суурь нь тавигдсан билээ. Анги одоогоор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил, “Богдхан” төмөр замын цогцолбор төсөл тус бүрийн далан, суурь үе байгуулах, ус өнгөрүүлэх хиймэл байгууламж байгуулах, төмөр замын дээд үед ашиглах балласт, хайрга, дайрга бэлтгэн нийлүүлэх зэрэг ажлыг холбогдох эрх зүйн баримт бичгийн хүрээнд хийж гүйцэтгэн, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тогтоолоор Архангай аймагт барилга-инженерийн анги байгуулах шийдвэр гарч 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ангийн анхны цуваа Улаанбаатар хотоос хөдөлгөөн үйлдэж Архангай аймгийн Эрдэнэбулган, Булган сумын нутаг Баянбэрх уулын өвөрт хуучин нэршлээр Хуурай хэмээх газарт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлага болон нутгийн ард иргэд халуун дотноор хүлээн авсан. Архангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойтой давхцан анги байгуулагдаж байгаа нь бэлгэшээлтэй үйл явдал билээ. Бидэнд хүлээлгэсэн энэ их итгэлийг хөдөлмөр, зүтгэлээрээ хариулах болно.
Дэслэгч Т.ИДЭР
Сэтгэгдэл ( 0 )