ХЭЛЭЛЦҮҮЛЭГ I Ямар тохиолдолд шүгэл үлээсэнд тооцох вэ?

2023 оны 04 сарын 05

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өчигдөр (2023.04.04) Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, санал солилцох эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг удирдан явуулав.


Уг хэлэлцүүлэгт  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, тус яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг болон иргэний нийгмийн байгууллага, Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл  оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Авлигын хэрэг  нууц далд байдалд хийгддэг, эрх бүхий албан тушаалтнуудтай холбогддог учраас язгуур үндсийг таслан зогсооход зөвхөн нэг байгууллага, төрийн байгууллагын үүрэг мэтээр хязгаарлагдаж болохгүй. Бүх нийтийн оролцоо дэмжлэг чухал. Тиймээс  Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь онцгой ач холбогдолтой гэж онцолсон. Мөн тэрбээр, ДХИС-ийн багш, оюутнуудтай уулзах үеэр Мэдээлэгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж өөрчилье гэдэг санал гарч байсныг  дурдаад  хэлэлцүүлгийн явцад анхаарч ажиллахыг Ажлын хэсгийн гишүүдэд зөвлөв.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд ажлын хэсгийн гишүүн П.Сайнзориг  хууль санаачлагчийг төлөөлж, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар танилцуулга мэдээлэл хийсэн.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцод 2005 онд нэгдэн орж, Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Тус конвенцын 33 дугаар зүйлд “Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх аливаа баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй аливаа этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалахаар заах талаарх зохих арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэн оруулах асуудлыг авч үзнэ” гэж тунхагласан. Монгол Улс гишүүн орны хувьд мэдээлэгч, илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг хүлээж байгаа гэв. Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг анхдагч хуулийн төслийг боловсруулсан гэж танилцууллаа.
 

 


Түүнчлэн тус хуулийн төслийн Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт шүгэл үлээгчийг нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсний төлөө дэмжих, урамшуулах тогтолцоог бүрдүүлж, түүнд олгох мөнгөн урамшуулал, нөхөн төлбөрийн хэм хэмжээг тогтоож, шүгэл үлээгчид мөнгөн урамшуулал олгох асуудал хариуцсан үүрэг бүхий Мөнгөн урамшууллын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлүүлэх  зэрэг зохицуулалтыг тусгасан талаар дурдав. 

Үргэлжлүүлэн “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер Д.Бадамрагчаа  шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд өгөх шүүмж хэлсэн.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөлтэй холбогдуулан санал солилцож, шүгэл үлээгч гэж хэнийг хэлэх вэ? Ямар тохиолдолд шүгэл үлээсэнд тооцох вэ? Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд тухайн шүгэл үлээгч буюу иргэнийг аливаа эрсдэлээс сэргийлэх хуулийн хамгаалалтыг хангалттай түвшинд хийх шаардлагатай. Мөн материаллаг  ашиг хонжоо харахаас сэргийлсэн заалтуудыг нарийвчлан тусгах шаардлагатай гэх зэрэг олон санал, шүүмжлэл өрнүүллээ.

Хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ, Монгол Улсад нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан иргэн төрийн хамгаалалтад орох алхмыг дэвшилд хүргэсэн эрх зүйн зохицуулалт бүхий сайн хууль гарахын төлөө хамтран ажиллая гэж уриаллаа  хэмээн  Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top