УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Т.Доржханд, Л.Мөнхбаатар нарын боловсруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2023.04.05/ өргөн барилаа. Уг хуулийн төслийн зарим онцлох заалтыг хүргэж байна.
-Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос;
-Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас.
-Ээлжит бус сонгууль явуулах тохиолдолд Улсын Их Хурал ээлжит бус сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн сонгуулийн тойргийг байгуулна.
-Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно.
-Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ.
-Бие даан нэр дэвшүүлэгч нь гарын үсэг зуруулахдаа А4 хэмжээнээс хэтрэхгүй хэмжээтэй өөрийн танилцуулах хуудсыг тарааж болно.
-Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланд зөвхөн нэг дүгнэлт гаргаж өгнө.
-Жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг намын сонгууль эрхэлсэн байгууллага хариуцах бөгөөд сурталчилгааны хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудас хэмжээнээс хэтрэхгүй байна.
-Нам, эвсэл, нэр дэвшигчийн бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байж болно.
-Радио, телевизийн хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.
-Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахад зарцуулах зардал нь сонгуульд зарцуулсан нийт зардлын 15 хувиас хэтрэхийг хориглоно.
-Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэхийг хориглоно.
-Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан, түүнд холбогдох баримттай танилцах, хөндлөнгийн хяналт тавих эрхтэй.
-Сонгуулийн ерөнхий хороо нь санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нэр дэвшсэн нийт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана.
-Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
-Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд заасны дагуу нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
-Нам, эвсэл нь 38-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойрогт, 38-аас илүүгүй хүнийг жагсаалтаар тус тус нэр дэвшүүлнэ.
-Нам, эвслийн дарга, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглоно.
Сэтгэгдэл ( 1 )
Бүх 76 хүртлэх нэр дэвшигчээ олон мандаттай тойргуудад дэвшүүлж мандатын хагастай тэнцэх тоогоор мажоратороор гишүүнд сонгогдож, намын сонгогчдоос авсан суудлын тоотой тэнцүү можаритороор сонгодоогүй нэр дэвшигчдийг дэвшсэн тойргоос авсан санлын хувиар нь эрэмблэлсэн жагсаалтаар гишүүнээр сонгоно. Ингэж байж нам нь биш сонгогчид хувь тэнцүүлсэн суудалд хэнийг суулгахаа мэдэх болно.