ХАЛХ ГОЛ I Түймрийг үүлэнд зориудаар нөлөөлж, цурманд орууллаа

2023 оны 04 сарын 11

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т 2023 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр түймэр гарсан. Энэ түймэр нь Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутгаар тархсан.

Тэгвэл салхи тогтож, Дорнод аймгийн Халх гол суманд гарсан түймэр цурманд орж байгааг БОАЖЯ-аас мэдээллээ.

Түймрийн голомтод Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 160 хүний бүрэлдэхүүнтэй баг  20 нэгж, техниктэй ажиллаж байгаа юм. Багт Нөмрөгийн байгаль хамгаалагчид ажилласан ба одоогоор түймэр асаж байгаа галын туяа харагдахгүй байгаа тухай мэдээллээ. Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар галд өртсөн ба одоогоор зүүн тийш буюу Онгон бүс рүү гал ороогүй байна.

2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өглөөний байдлаар Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Иймд Дорнод аймгийн Үүлэнд зориудаар нөлөөлөх экспедицийг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Г.Гарамхишиг ахлан Халхгол суманд ажиллаж байгаа юм. Нэг экспедиц Буйр нуурын зүүн эрэгт байрласан бол нөгөө экспедиц сумын төвөөс баруун зүгт 20.0 км-т байрлаж зах хэсэгт дайран өнгөрөх хурын үүлэнд нөлөөлж орох хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
 

ӨНӨӨДРИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ:

Дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Дорнод аймгийн зүүн хэсгээр салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Дорнод аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Халхголын сав нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос нутгийн зүүн хэсгээр секундэд 15-20 метр, зарим үед секундэд 24 метр, бусад нутгаар секундэд 11-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +1...+6 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top