“Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн V наадамд Монгол Улсаас СУИС-ийн Сонгодог урлагийн тэнхимийн дуурийн дуулаачийн 4-р дамжааны оюутан Б.Заяат оролцох билээ. Тэрбээр энэ сарын 23-ны өдөр ОХУ-ыг зорих аж.
Тэрбээр уралдааны болзол ёсоор Кремлийн тайзнаа Монгол Улсаа төлөөлөн хоёр удаа гарах юм. Б.Заяат энэ сарын 29-ний өдөр Анатолий Новиковын тэртээх 1945 онд бүтээсэн, монголчууд бидний сэтгэлд хоногшсон “Эх, дороги” дууг дуулах аж.
Оросын “Россия” телевизээр шууд дамжуулах “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн V наадмын Гала тоглолтоор 6000 үзэгчтэй Кремлийн Их танхимд Монгол Улсын 22 настай оюутантай “Эх, дороги” дууг хамт дуулах Оросын одыг шүүгчид өнөөдөр нэрлэжээ.
ОХУ-ын Гавьяат жүжигчин (2019), ОХУ-ын Төрийн шагналт (2001), Оросын драмын урлагийн дээд шагнал болох "Алтан маск", кино урлагийн "Кинтавр" дээд шагналын эзэн, ОХУ-ын Үндэсний кино урлаг, шинжлэх ухааны Академийн "Алтан Бүргэд" шагналын эзэн, нэрт жүжигчин, орос романсын дуучин Полина Агуреева Б.Заяаттай хамт дуулахаар болжээ.
Полина Агурееваг Монголын үзэгчид 2007 онд бүтээсэн “Ликвидация” буюу “Устгах ажиллагаа” (МҮОНТ-ээр гарсан) олон ангит уран сайхны киноны дуучин Тоня Царько, 2009 онд бүтээсэн "Исаев" киноны Москвагийн дээрэмчин бүсгүй Анна Викторовна, 2022 онд МҮОНТ-ээр гарсан "Өөдрөг залуус" телевизийн цуврал ОАУСК-ны Вера зэрэг дүрээр нь сайн мэднэ.
Сэтгэгдэл ( 1 )
Slava ukrain