ОЛОН ӨНГӨ I Хавар цаг

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 14

Сэлэнгийн Хүдэр суманд амьдран суугаа ахтай утсаар ярилаа. Нутагт нь энэ жил салхи шуурга ихтэйхэн хавар болж байна гэнэ. Мал нь төллөж бүрэн дуусаагүй учраас хариуцлагатайхан байхгүй бол болохгүй гэв. Нээрээ ч хавар цагт малчин хүн тухтай унтах завгүй хөдөлмөрлөж байж хэдэн малаа төллүүлдэг. Нялх төлийн дуу цангинаж, малын өтөг үл мэдэг пүрхийсэн хавар цаг.

Цасны цоохор бараадан хэвтээд нүдээ онийлгон нар луу харж, түмэн зүйлийн мөрөөдөлдөө автах үест хонь хургалах чимээ анхаарал сарниулна. Хэдийгээр хурганы ууттай явах ч нэг дор гурваас илүү мал төллөсөн үед заримыг нь өвөртөө хийхээс өөр аргагүй. Аав, ээжийн хэлснээр гэрийнхээ бараа харагдах газар хонио хариулж, тэдгээр нялх төлийг гэртээ хүргэнэ. Ам, цангаж, гэдэс хонхолзсон ч бэлчээр рүүгээ хурдхан буцахгүй бол бага мал төлөө хаях, махчин шувууд шоглох гээд асуудал зөндөө учир тэр дариу л буцна. Төлийн гарзгүйгээр “Хишиг өдөр”-өө өнгөрөөгөөд гэртээ ирэхэд ээж хошуу дэвсэж, гэрийн хойморт суусан аав “Хүү маань ч том болж байна шүү” хэмээн хэлэх нь шагнал байжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top