Сонсголын үр дүнг 15-нд багтан УИХ-д танилцуулах ёстой байв

2023 оны 04 сарын 17

Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж байна. \2023.04.17\

Хөгжлийн  банк 2018-2022 оны хооронд нийт 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний 38 зээлийг шүүхэд өгснөөс  620.9 тэрбум орчим төгрөг буюу 22 зээлийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгджээ. Эдгээрээс 14 зээлийг шүүхийн анхан шатны шийдвэрээр, найман зээлийг шүүхийн ажиллагаагаар шийдвэрлүүлсэн. Сүүлийн  байдлаар 1,133.2 тэрбум төгрөгийн 16 зээлд шүүхийн хянан шалгах ажиллагаа хийгдэж байгаа гэх мэдээллийг Хөгжлийн банкнаас өгч байсан.

Тус банк ирэх аравдугаар сарын 23-нд Евро бондын 450 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.4 их наяд орчим төгрөгийн төлбөр төлөх ёстой. Хэрэв бондын төлбөр төлөгдөх хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтөөр 400 сая ам.доллар төвлөрүүлж хүрэхгүй бол бонд гаргана, эсвэл гадаад валютын нөөцөөс бондын төлбөрийг хийнэ гэсэн хоёр арга зам байгааг Төв банкны ерөнхийлөгч хэлсэн. Тэгэхээр Хөгжлийн банк ирэх саруудад хэдий хэмжээний зээлийг эргэн төлүүлэх вэ гэдэг нь хүлээлт үүсгэж байна. Түүнчлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн зээлүүдийн хувь заяа хэрхэх вэ гэдэг нь нийгмийн анхаарлын төвд байгаа юм.

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 2023 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар 1,183.3 тэрбум төгрөг болсны 827.4 тэрбум нь бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.5 тэрбум нь үнэт цаасаар төвлөрсөн гэж тус банкнаас мэдэгдсэн. Энэ мөнгөний зориулалт нь эхнээсээ Самурай бондын өрийг дарахад чиглэсэн. Тиймээс дараагийн шатны зээлийн эргэн төлөлт аравдугаар сар хүртэлх хугацаанд дахин их наядаар хэмжигдэх үү гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.

Сануулахад, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах УИХ-ын Түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах гурван шатны сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 16-20, хоёрдугаар сарын 6-8, гуравдугаар сарын 13-17-нд болсон.

Нэгдүгээр сард болсон сонсголоор шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Эхний шатны сонсголд нийт 166 гэрч оролцсон. Харин хоёрдугаар сард болсон сонсголоор 355 зээлийн 2.9 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, 67 гэрчийг оролцуулсан бол  гуравдугаар сард зохион байгуулсан сонсголоор 2542 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн юм. Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн мөнгөн хөрөнгийн удирдлагын асуудлыг 3600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар танилцуулсан гэсэн мэдээллийг өгсөн.  Гурван шатны сонсголд нийт дуудагдсан 672 гэрчээс 53 хувь буюу 356 гэрч сонсголд оролцсон байгаа юм.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар Хянан шалгах түр хороо нь нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор нотлох баримтыг шинжлэн судалсан гурван шатны сонсголын үр дүнг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулна гэсэн мэдээллийг өмнө нь өгч байсан. Тэгвэл өнөөдөр дөрөвдүгээр сарын 17-ны өдөр. Гурван шатны сонсголын үр дүнг танилцуулах товлосон хугацаа өнгөрсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top